
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ж.Чинбүрэн тэргүүтэй дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн М.Ганхөлөг: -Дэлхийн 93 улс эд, эс, эрхтэн шилжүүлэх эмчилгээг явуулж байгаа юм билээ. Үүний 90 улс нь тусгай зохицуулалт бүхий хуультай. Монгол Улсын хувьд энэ төрлийн эмчилгээ үйлчилгээг явуулж байгаа хэрнээ тусгай зохицуулсан хуульгүй.
Үндэсний хүлээлгийн жагсаалтыг ил тод байх, хуваарилалтыг шударга явуулах, үүнтэй холбоотой тодорхой асуудлууд гарахаас урьдчилан сэргийлсэн, цахим буюу хүний оролцоогүйгээр шийдвэрлэх боломж олгосон ямар зохицуулалт байгаа вэ. Хоёрт, доноруудыг дэмжих, иргэдийн ойлголтыг нэмэх ямар зохицуулалтууд байна вэ.
Энэ хууль батлагдсанаар хууль бус зүйл гарах вий гэх эмзэглэлүүд байна.
Гуравт, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, бүсийн оношилгооны төвүүд энэ хуулиар ямар чиг үүрэгтэй болж, ямар байдлаар ажиллах вэ?
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: -Дэлхийн 93 улс эд эс эрхтэн шилжүүлэх эмчилгээг хийж байна. Монгол Улс 93 улс дотроо нэлээд дээгүүр эрэмбэлэгдэж, ур чадвараараа тэргүүлж байна.
2025 онд нэг ч амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлээгүй. 2026 онд ганцхан амьгүй донороос эрхтэн шилжүүлсэн. Нэг амьгүй донороос найман хүний амь насыг аврах боломжтой. Яагаад амьгүй донороос эрхтэн шилжүүлэх ажил зогсонги байна гэхээр хууль эрх зүйн орчин дутмаг байна. Хууль батлагдсанаар хэрэгжилтийг хангах, иргэдийг соён гэгээрүүлэх ажилд нэлээд ач холбогдол өгч ажиллах шаардлагатай байна. Учир нь, зан заншил, шашин зэрэг олон зүйлээс хамаарч талийгаачийн цогцосыг хөндүүлэхгүй гэсэн бодолтой иргэд дийлэнх нь байдаг.
Жагсаалт бол ил тод. Өнөөдөр жагсаалтын хүлээлтэд 1044 иргэн байна. Эрхтэн шилжүүлж суулгаад эдгэрч байгаа хүн нь ховор. Жагсаалтад хүлээж байгаад бурхны оронд одож байгаа хүн олон. Нэг амьгүй донор байхад эрхтэн таарахаас эхлээд хамгийн багадаа 20 гаруй хүнийг дуудаж жагсаалтын дарааллын дагуу шинжилгээнд оруулахаар зорьж ажилладаг. Дуудаж байгаа 20 хүний 50 хувь нь хүлээлгэнд байх хугацаандаа нас барсан харамсалтай тоо байдаг.
Орон нутгийн эмнэлэгүүд бүгд донор эмнэлэгүүд болж байгаа. Амьгүй донор олноор илрүүлэх нь манай хуулийн концевц. Амьд донороо хамгаалах эрхзүйн орчин байх ёстой. Аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвүүд амьгүй донор илрүүлэх эмнэлгийн тоонд ороод явна. Энэ хууль батлагдсанаар долоон журам батлагдана. Эрхтэн зөөвөрлөх, хадгалах, шилжүүлэн суулгах зэрэг нарийвчилсан зүйлс ороод явж байгаа.