
БНСУ-ын Хувийн мэдээлэл хамгаалах хороо тансаг зэрэглэлийн Louis Vuitton, Dior, Tiffany брэндүүдийн солонгос дахь нэгжүүдэд хэрэглэгчийн мэдээлэл алдагдуулсан хэргээр нийт 36 тэрбум вон (24.9 сая ам.доллар)-ын торгууль ногдуулснаа мэдэгдлээ.
Тус хорооны нэгдсэн хуралдаанаар Louis Vuitton Korea-д 21.4 тэрбум воны торгууль ногдуулсан нь гурван компанийн дундаас хамгийн өндөр дүн байв. Тус компанийн 3.6 сая орчим хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан байна.
Гаднын этгээд ажилтны төхөөрөмжийг хакердаж, хэрэглэгчийн нэр, утасны дугаар, төрсөн огноо зэрэг хувийн мэдээллийг гурван удаагийн халдлагаар хулгайлсан гэж зохицуулагч байгууллага мэдэгдэв. Нэр дурдсан брэндүүдийн солонгос дахь нэгжүүдийн сүлжээний зайнаас нэвтрэх хамгаалалт сул байсан гэж дүгнэжээ.
Christian Dior Couture Korea болон Tiffany Korea-д тус тус 12.2 тэрбум болон 2.4 тэрбум воны торгууль ногдуулсан байна. Ажилтнуудыг хууран мэхэлж, дотоод системд нэвтрэх эрх олгуулснаар мэдээлэл алдагдсан аж.
Dior компанийн хувьд 1.95 сая орчим хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан бөгөөд гурван сарын турш үүнийгээ мэдээгүй байсан. Tiffany-ийн хувьд 4600 орчим хэрэглэгчийн нэр, и-мэйл хаяг зэрэг мэдээлэл алдагдсан байна.
Тус хяналтын байгууллага мөн Солонгост Burger King-ийг ажиллуулдаг BKR компанид 13-аас доош насны хүүхдийн хувийн мэдээллийг асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй цуглуулсан хэргээр 924 сая воны торгууль ногдуулжээ.
Mega MGC Coffee сүлжээг ажиллуулдаг MGC Global компанид хэрэглэгчийн зөвшөөрөлгүй маркетингийн мессеж илгээсэн хэргээр 642 сая воны торгууль ногдуулсан байна.
Мөн хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр хүнс, ундааны салбарын өөр найман компанид торгууль оногдуулжээ.