
Португалийн домогт хөлбөгчин Криштиану Роналду карьерийнхаа 978 дахь гоолыг оруулав. Ийнхүү 1000 дахь гоолоо оруулахад дахин нэг алхам ойртлоо. Тэрбээр Саудын Арабын Про лигийн дөрөвдүгээр тойрогт “Аль-Насср” багийн бүрэлдэхүүнд “Аль-Таавун”-ы эсрэг талбайд гарч, баг нь 2:1-ээр хожсон тоглолтын шийдвэрлэх гоолыг хоёрдугаар үед оруулсан байна.
Тоглолтын эхний хагаст “Аль-Таавун” 11 дэх минутад тэргүүлсэн ч “Аль-Насср” завсарлагааны өмнө тоог тэнцүүлж, улмаар Роналдугийн гоолоор тоглолтын хувь заяаг эргүүлжээ. Түүний 978 дахь гоол нь эхэндээ багагүй маргаан дагуулсан бөгөөд багийн анд Мохамед Симаканы хаалга руу чиглэсэн цохилтыг Роналду ойроос чиглүүлэн оруулсан байв. VAR-ын шалгалтаар гоолыг хүчинтэйд тооцжээ.
Ийнхүү 41 настай довтлогч 1000 гоолын түүхэн босгод хүрэхэд ердөө 22 гоол дутуу үлдэв. Роналду өмнө нь энэ улиралыг өөрийн мэргэжлийн хөлбөмбөгийн замналын сүүлчийн жил байж магадгүй хэмээн ярьсан бөгөөд карьерийнхаа төгсгөлд 1000 гоолд хүрэх зорилготой гэдгээ илэрхийлсэн юм.
Роналдугийн хувьд энэ тоо зөвхөн нэг статистик үзүүлэлт биш. Спортингийн залуу тоглогчоос эхэлж, “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид”, “Ювентус”, өдгөө “Аль-Насср” хүртэл үргэлжилсэн 25 жилийн замналынх нь төгсгөлд тавьсан асуултын тэмдэг гэж сонирхогчид харж байна. Таван “Алтан бөмбөг”, таван удаагийн Аваргуудын лигийн түрүү болон Португалийн шигшээ багтайгаа байгуулсан түүхэн амжилтуудын дараа Роналду одоо нэг л тооны араас хөөцөлдөж байна.
Хэрэв тэр 1000 гоолд хүрч чадвал мэргэжлийн хөлбөмбөгт өмнө нь байгаагүй түүхэн хэмжүүрийг бий болгоно. Харин одоогийн байдлаар 978 гэсэн тоо түүний карьерийн цар хүрээг илэрхийлэхэд хангалттай. Хөлбөмбөгийн түүхэнд олон гайхамшигт довтлогч төрсөн ч дөч гарсан насандаа дэлхийн анхаарлыг татсан тоглогч тун цөөхөн.