
Бямба гарагийн орой Германы Франкфурт хотод нүүрээ халхалсан үймээн дэгдээгчид дэлгүүрүүдийг дээрэмджээ.
Германд болсон жагсаалыг “Gen Z regelt” буюу герман хэлээр “Gen Z хариуцлагаа өөрсдөө үүрнэ” нэртэй хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд Берлин, Франкфурт, Мюнхен зэрэг 34 хотод өрнөжээ. Тус хөдөлгөөн цэргийн албыг заавал хаах тогтолцоог эсэргүүцэж, амьжиргааны өртгийн өсөлтөд хүндрэлтэй тулгарч буй залуусын боловсролд илүү их хөрөнгө оруулахыг шаардаж байгаа аж.
Германы санхүүгийн төв Франкфурт хотод жагсаал хүчирхийлэл болж даамжирсны улмаас хоёр дэлгүүрийг дээрэмдэж, хэд хэдэн дэлгүүрт халдахыг завджээ.
“Хотын төвд хэд хэдэн дэлгүүрийн цонхыг хагалсан. Мөн онцгой байдлын албаныхан руу шатамхай шингэнтэй лонх шидэж байна. Иргэдийг хотын төвөөс хол байх эсвэл тухайн бүс нутгийг орхин явахыг уриалж байна” гэж Цагдаагийн газрын мэдэгдэлд дурджээ.
Бямба гарагийн үдээс хойших албан ёсны тоон мэдээллээр жагсаалд оролцогчдын тоо зохион байгуулагчдын анх таамаглаж байсан 182 мянгад хүрээгүй байна. Франкфурт, Мюнхен, Берлин хотын цагдаагийн байгууллагууд нийт 18 мянга орчим хүн жагссан гэж мэдээлсэн нь зохион байгуулагчдын цахим хуудастаа дурдсан 36 мянган жагсагч бий гэсний ердөө тал нь юм.
Холбооны Дотоод хэргийн яамны мэдээлснээр Германы зүүний үзэлтэй хэт даврагч бүлэглэл болон гадаадын хэт даврагч хөдөлгөөнүүдтэй холбоотой бүлгүүд жагсаалд дэмжлэг үзүүлжээ.
Германы хэд хэдэн хотын бизнес эрхлэгчид жагсаалын үеэр үймээн самуун гарч болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас дэлгүүрийнхээ цонхыг хамгаалж, үйл ажиллагаагаа эрт зогсоохоор төлөвлөжээ. Үүнд Берлин хотын тансаг зэрэглэлийн худалдааны гудамж болох Курфюрстендамм орчмын дэлгүүрүүд багтсан байна.
Жагсаал зохион байгуулагчид Европын хамгийн том эдийн засагтай Германд залуу үеийнхэнд ирж буй дарамт, ачаалал нэмэгдэж байгаад анхаарлаа хандуулжээ. “Засгийн газар бидний санаа зовнилыг шийдвэрлэхийн оронд төсвийн таналтаа үргэлжлүүлж, бидний нуруун дээр улам их ачаа үүрүүлж байгаагаас өөр хариу арга хэмжээ санал болгосонгүй” гэж Мюнхен хотын жагсаалд үг хэлэхээр төлөвлөж байсан 18 настай Стив канцлер Фридрих Мерцэд хандан мэдэгджээ. “Та биднийг үл тоомсорлохоо болих хүртэл бид тайван жагсаал цуглаан хийх үндсэн эрхээ эдэлсээр байх болно” гэж тэрбээр хэлсэн байна.
Герман улс эдийн засгийн өсөлтөө сэргээхэд хүндрэлтэй тулгарч байгаа юм. Түүнчлэн хүн амын дундах “baby boomer” үеийнхэн тэтгэвэрт гарч, хөдөлмөрийн насны хүн амын тоо буурч байгаатай холбоотойгоор тэтгэврийн тогтолцоо болон төрийн үйлчилгээний салбарт ирэх дарамт нэмэгдэж байна.
Энэ хөдөлгөөнийг хэн удирдаж байгаа, мөн улс төр, иргэний нийгмийн олон төрлийн бүлэглэл оролцож байгаа эсэхээс шалтгаалан үнэхээр залуусын өөрсдийнх нь удирдсан хөдөлгөөн мөн эсэх талаар асуулт ч гарч эхэлжээ.