
Москва Европын ардчилсан орнуудын эсрэг улам бүр түрэмгий шинжтэй “далд дайн” явуулж байгаа энэ үед Герман улс зэвсэгт мөргөлдөөнд татагдан орох эрсдэлтэй гэж тус улсын гадаад тагнуулын байгууллагын тэргүүн даваа гарагт анхааруулжээ.
“Оростой бидний тулгараад буй сөргөлдөөн шинэ, илүү аюултай хэмжээнд хүрээд байна” гэж Герман улсын Холбооны Тагнуулын алба (BND)-ны тэргүүн Мартин Яегер парламент дахь тагнуулын байгууллагуудын тэргүүн нарын жил тутмын нээлттэй сонсголын үеэр мэдэгдэв.
“Герман Оростой хийх зэвсэгт мөргөлдөөнд татагдан орох аюултай. Лейпцигт халдлага үйлдэхийг завдсан хэрэг үүний ердөө нэг жишээ” гэж тэр хэлээд, Орос “далд дайн явуулж” байгаа учир Герман дахь объектууд руу халдах аюул “бодитой, бас маш ойрхон” байгааг онцолжээ.
Германы эрх баригчид Орос улс дрон болон кибер халдлага ашигласан эрлийз кампанит ажил явуулж байна гэж удаа дараа анхааруулж ирсэн. Өнгөрсөн наймдугаар сард Лейпцигийн нисэх буудалд дроноор халдахыг завдсан хэрэгт ч Оросыг буруутгасан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт Орос улс “хэн нэгэн рүү халдах ямар ч санаагүй. Гэхдээ бид түрэмгийлэлд өртвөл хариу өгөхөөс өөр аргагүй” гэж мэдэгдсэн.
Харин Яегер Москва зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэхэд бэлэн байгаа төдийгүй Оросын тагнуулын албадын Герман дахь болон Германы эсрэг ажиллагаа “улам бүр түрэмгий болж байна” гэж мэдэгджээ.
“Орос биднийг шалгаж, энэ нөхцөл байдлыг хэрхэн зохицуулж байгааг маань анхааралтай ажиглаж байна. Кремлийн удирдлагын үзэж байгаагаар бидний ямар нэгэн тээнэгэлзсэн шинж тэмдэг Германд үзүүлэх дарамтаа улам нэмэгдүүлэх боломж олгоно” гэж тэр хэлсэн байна.
Герман улс цаашид илүү олон удаагийн хөндлөнгийн оролцоо болон айлган сүрдүүлэх оролдлого, тэр дундаа цөмийн зэвсгээр заналхийлэх явдалд бэлэн байх ёстой гэж тэр мэдэгджээ.
Яегерийн хэлснээр, Украины хамгийн том тусламж үзүүлэгч Германыг дэмжлэгээ зогсооход хүргэхийг Москва оролдож байгаа аж.
Парламент шинэ хууль тогтоомжийг баталбал Германы тагнуулын байгууллагууд халдлагыг таслан зогсоох зорилгоор идэвхтэй ажиллагаа явуулах шинэ эрх мэдэлтэй болох юм.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа, нацист дэглэмийн талаарх дурсамж хараахан арилаагүй байх үед байгуулагдсан Германы тагнуулын байгууллагууд Франц, Их Британи, АНУ зэрэг холбоотнуудынхаас уламжлал ёсоор илүү хатуу хязгаарлалтад ажилладаг.