
Родриго Дутертегийн “хар тамхины эсрэг дайн”-ы гол хэрэгжүүлэгч эр ерөнхийлөгчөөс өөрийг нь Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэн өгөхгүй байхыг хүсэв.
Баривчлагдахаас эмээж, Сенатын өрөөндөө хоёр дахь өдрөө бүгсэн сенатор Роналд дела Роса өөрийгөө эх орондоо үнэнчээр зүтгэсэн гэж мэдэгдлээ.
Родриго Дутертегийн хар тамхины эсрэг цуст ажиллагааг удирдаж байсан гол хүн болох сенатор Роналд дела Роса мягмар гарагт ерөнхийлөгч Фердинанд Маркос Жр.-аас өөрийг нь Олон улсын эрүүгийн шүүх буюу ICC-д шилжүүлэн өгөхгүй байхыг хүсжээ. Гэхдээ тэр эх орондоо шударга ёсны өмнө хариуцлага хүлээхэд бэлэн гэж мэдэгдсэн юм.
Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн 11 дүгээр сард гаргасан баривчлах захирамжаа нийтэд ил болгосон. Уг захирамжид сенатор Роналд дела Росаг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт сэжиглэж буй талаар дурдсан байна. Ижил төрлийн хэрэгт 81 настай Дутерте мөн буруутгагдаж байгаа бөгөөд тэр өнгөрсөн жил баривчлагдсанаасаа хойш Гааг хотод шүүх хурлаа хүлээж байгаа юм.
“Бато” буюу “хад” хэмээх хочтой дела Роса даваа гарагт олон нийтийн өмнө анх удаа гарч ирсний дараа хууль сахиулах байгууллагын ажилтнууд Сенатын байранд орж ирсэн тул Сенатын хамгаалалтад оржээ. Тэр хууль бус аллагад оролцсон гэх мэдэгдлийг үгүйсгэдэг.
“Үндэстний эцгийн хувьд та бүх филиппинчүүдийг хамгаална гэж найдаж байна. Засгийн газрын үүрэг бол ард түмнээ хамгаалах явдал” гэж Дела Роса сэтгүүлчдэд хэлжээ. “Би улс орныхоо төлөө бүхнээ хийсэн. Би өөрийгөө баяжуулаагүй. Би үнэнчээр ажилласан” гэж тэр нулимсаа барьж ядан хэлсэн байна.
“Ноён Ерөнхийлөгч өө, та ч нэг өдөр ийм нөхцөл байдалтай тулгарч магадгүй. Тэр үед та миний одоо юу мэдэрч байгааг ойлгоно” гэж тэр нэмж хэлжээ.
Дела Роса нь Дутертегийн хамгийн ойрын хүн байсан бөгөөд цагдаагийн байгууллага 6000 гаруй сэжигтэй хар тамхины наймаачин албан ёсны ажиллагааны үеэр алагдсан гэж мэдэгддэг кампанит ажлыг удирдаж байжээ. Мөн мянга мянган хэрэглэгч ядуусын хороололд болсон нууцлаг буудалцааны үеэр амь үрэгдснийг олон хүн хөлсний алуурчид эсвэл бүлэглэлүүдийн мөргөлдөөнтэй холбоотой гэж үздэг.
Цагдаагийн байгууллага ажиллагааны үеэр алагдсан хүмүүс баривчлагдахаас эсэргүүцсэн гэж мэдэгддэг. Идэвхтнүүдийн ярьдаг системтэй аллага, дараа нь нуун дарагдуулсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас няцаадаг.
Мягмар гарагт Сенатын байрны гадна цагдаа нар бамбайтай жагсаж зогссон бөгөөд өмнөх өдөр нь Үндэсний мөрдөн байцаах товчооны ажилтнууд ирэх үед дела Роса өрөөндөө орогнохоор яаран гүйж буй дүр зураг гарсны дараа Сенатын бүх хорооны хурлыг цуцалжээ.
Филиппины Үндэсний цагдаагийн байгууллагын дарга Жозе Меленсио Нартатез мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ баривчлах тушаал ирээгүй байгаа ч цагдаа нар “хууль ёсны заавар, тогтсон журмын дагуу ажиллахад бэлэн” хэвээр байна гэжээ.
Ерөнхийлөгчийн тамгын газар мөн Филиппин улс Олон улсын эрүүгийн шүүхийг үндэслэгч гэрээнд нэгдэн оролцогч байхаа больсон ч Интерпол хүсэлт гарвал тус шүүхийн захирамжийг хэрэгжүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байна. Энэ нь Дутертег баривчлах үед хэрэглэсэнтэй ижил журам аж.
Ройтерс агентлаг Интерполын хүсэлт хэзээ ирж болох талаар асуухад Дотоод хэргийн сайд Жонвик Ремулла “Үүнийг зөвхөн Интерпол л мэднэ” гэж мессежээр хариулжээ.
Хар тамхины эсрэг дайн нь Дутертег 2016 онд засгийн эрхэнд гаргасан гол мөрийн хөтөлбөр байсан юм. Тэр үедээ хатуу үгтэй хотын даргын дүр төрхөөр олонд танигдсан Дутерте телевизээр үг хэлэхдээ мянга мянган хар тамхины наймаачдыг устгана гэж амалж, Олон улсын эрүүгийн шүүхийг “өөрийнх нь араас ирэх”-ийг удаа дараа өдөөн хатгаж байжээ.
Родриге Дутертегийн өмгөөлөгчид Олон улсын эрүүгийн шүүхэд өгсөн мэдэгдэлдээ тэр өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн түүний хатуу үг хэллэг нь гэмт хэрэгтнүүдийг айлгах зорилготой байсан гэж тайлбарласан юм.