
Вьетнамын цагдаагийн газар Хо Ши Мин хотын захад байрлах хоёр агуулахад гэнэтийн шалгалт хийж, Nike, Adidas, Crocs, Gucci зэрэг брэндүүдийн шошгыг хуурамчаар ашигласан 23 000 гаруй хос гутал хураан авчээ.
Уг ажиллагааны явцад 76 053 ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг битүүмжилсэн байна. Энэ нь тус улсад олон арван жилийн турш ил тод цэцэглэж байсан хуурамч бүтээгдэхүүний зах зээлийн эсрэг хийж буй томоохон тэмцлийн нэг хэсэг юм.
Энэхүү агуулахаас ердөө 30 км-ийн зайд орших жуулчлалын бүсэд гадаад улсад 900 хүртэлх ам.доллароор зарагддаг тансаг зэрэглэлийн гутлын хуулбарыг ердөө 57 ам.доллароор худалдаалдаг. Мөн Chanel цүнх, Prada цамц, Rolex цаг зэрэг хуурамч бүтээгдэхүүнээр худалдааны төвийн лангуу дүүрэн байх аж.
Вьетнам улс нь хуурамч болон дуураймал бараа бүтээгдэхүүний томоохон зах зээл. Харин одоо олон улсын зүгээс ирж буй шахалт шаардлагын улмаас эрх баригчид энэхүү сөрөг нэр хүндээсээ салахаар эрс шийдэмгий хөдөлж эхэллээ.
Вьетнамын засгийн газар хуурамч бараа бүтээгдэхүүн, онлайн хуулбарлалт, оюуны өмчийн зөрчлийн эсрэг үндэсний хэмжээний тэмцлийг эхлүүлээд байна. Өмнө нь ийм төрлийн шалгалтууд камераар бичлэг хийж, зарим барааг хураагаад өнгөрдөг байсан бол энэ удаагийнх хамаагүй чанга байна гэдгийг орон нутгийн худалдаачид хэлж байна.
Энэхүү эрчимтэй тэмцэл нь олон улсын хүчин зүйл, тэр дундаа Дональд Трампын Америкийн ашиг сонирхолд хохирол учруулж буй орнуудын эсрэг хийж буй худалдааны дайнтай шууд холбоотой. АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газраас Вьетнам улсыг оюуны өмчийн хамгаалалт болон хууль сахиулалтын тал дээр "архаг дутагдалтай" хэмээн үзэж, сүүлийн 13 жилийн хугацаанд анх удаа онцгой анхаарах гадаад улсын жагсаалтад оруулжээ.
Шинэ тарифын хориг арга хэмжээнээс сэргийлж, Вьетнамын эрх баригчид оюуны өмчийн зөрчлийг илрүүлэх ажиллагааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дор хаяж 20 хувиар нэмэгдүүлэхээ амласан байна. Зөвхөн 5-р сарын сүүлчийн гурван долоо хоногт л гэхэд оюуны өмчийн зөрчилтэй холбоотой 1400 гаруй хэргийг шийдвэрлэжээ.
Вьетнамд зарагдаж буй хуурамч барааны дийлэнх хувийг хойд хөрш болох Хятад улсаас бөөнөөр нь импортолдог. Европын нэр хүндтэй брэндүүд үйлдвэрлэлийн явцдаа Азийн ажиллах хүч, материалыг түлхүү ашигладаг тул орон нутгийн далд зах зээлд үүнийг дуурайлгах ур чадвар болон түүхий эд хангалттай байдаг аж. R