
Индонез улс 80 сурагчийг өдөр бүр үнэгүй хоолоор хангах амлалтаа хэрэгжүүлэхээр эхлүүлсэн ч ердөө 18 сар хүрэхгүй хугацаанд олныг хамарсан хүнсний хордлого, авлигын хэрэг, эрүүгийн мөрдөн шалгалтад хүргэсэн сүйрэлд хүрчээ.
Хөтөлбөрийг хариуцдаг Үндэсний хоол тэжээлийн албаны дарга Дадан Хиндаяанаг төрд хохирол учруулсан, өөрийгөө хууль бусаар баяжуулсан гэх үндэслэлээр лхагва гарагт баривчилсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Энэ нь мөрдөн байцаагчид Жакарта дахь агентлагийн төв байранд нэгжлэг хийж, ажилтнуудыг оффис руу нэвтрэхийг хориглосноос хэдхэн цагийн дараа болсон байна. Мөн ижил хэрэгт холбогдуулан тус агентлагийн хуучин хоёр албан тушаалтныг баривчилжээ. Хэрэв буруутай нь тогтоогдвол Дадан 20 хүртэлх жилийн хорих ял авах эрсдэлтэй.
Үүнээс долоо хоногийн өмнө Индонезын авлигатай тэмцэх байгууллага тус хөтөлбөрийн зөвхөн халал гэрчилгээ худалдан авах ажиллагаанд бараг 50 сая ам.долларын төсвийн зөрүү илэрсэн гэж гомдол гаргасан байв.
Олон тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү хөтөлбөр нь Ерөнхийлөгч Прабовогийн 2024 оны сонгуулийн кампанит ажлын гол амлалтын нэг байсан.
Хөтөлбөрийн зорилго нь хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэхийн тулд өдөр бүр 80 сая сурагчид хоол олгох байв. Энэ нь дэлхийн хамгийн том хэмжээний хоол тэжээлийн хөтөлбөрүүдийн нэгт тооцогдож байсан юм.
Гэвч өнгөрсөн оны нэгдүгээр сард эхэлснээс хойш хэдэн арван мянган хүүхэд өвчилжээ.
Орон нутгийн Боловсролын хяналтын сүлжээ төрийн бус байгууллагын мэдээлснээр дөрөвдүгээр сарын байдлаар уг хөтөлбөртэй холбоотой хүнсний хордлогын 33 000 орчим тохиолдол бүртгэгдсэн байна.
Хөтөлбөрийн талаарх шүүмжлэл эрчимжсэний улмаас Ерөнхийлөгч мягмар гарагийн орой Даданыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Түүнийг халж, баривчилсан үйл явдал нь авлигатай тэмцэх байгууллага хөтөлбөрийн гал тогоонуудын төсөвлөлтөд олон зөрчил илэрсэн гэж мэдэгдсэн юм.
Даданы оронд түүний орлогч Наник Сударяати Деянг томилогджээ. Тэрээр өмнө нь сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд Прабовогийн 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн багийн гишүүн байв.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр Дадан нь хөтөлбөрийн гал тогоонуудыг удирдах хэд хэдэн сангийн сонгон шалгаруулалтад нөлөөлсөн гэж буруутгагдаж буй аж. Эдгээр сангууд шаардлагатай стандартыг хангаагүй байсан төдийгүй Дадан тэдгээрийг гуравдагч этгээдээр дамжуулан өөрөө эзэмшдэг байсан гэх хардлага ч бий.
Мөн тэрээр 21 000 гаруй цахилгаан мотоцикл, 32 000 хос гутал, 5400 телевизийн худалдан авалтын үнийг хэт өсгөсөн хэрэгт холбоотой байж болзошгүй.
Прокуроруудын мэдээлснээр төрд учирсан нийт хохирлын хэмжээг одоогоор бүрэн тооцоолж дуусаагүй байна.
“Зарим асуудал нь стандарт ажиллагааны журмыг мөрдөх сахилга баттай холбоотой. Харин бусад нь засаглалыг хэрэгжүүлэх сахилга бат, тэр дундаа хүнсний чанарыг хадгалах асуудалтай холбоотой” гэж төрийн нарийн бичгийн даргын сайд Прасетёо Хади сэтгүүлчдэд мэдэгджээ.
Тэрээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ тасалдахгүй гэж нэмж хэлсэн байна. Гэвч асуудал зөвхөн хордлогын тохиолдлоор хязгаарлагдаагүй аж.
Дадан нэг хүн өдөрт хоёр литр сүү уух ёстой хэмээн санал болгож, мөн шавж болон саго модны өтөөр хүүхдийн хоол бэлтгэх боломжийн талаар ярьснаараа маргаан дэгдээж байжээ.
Сүүлийн үед эрх баригчид төсвийн дарамтыг бууруулах зорилгоор хөтөлбөрийг долоо хоногт зургаан өдөр хэрэгжүүлдэг байсныг таван өдөр болгон бууруулсан. Учир нь худалдааны ашиг буурч, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулран, мөн АНУ–Ираны дайнаас үүдэлтэй эдийн засгийн дарамт нэмэгдсэн аж.
Хөтөлбөрийн анхны санхүүжилтийн бараг бүх эх үүсвэрийг Индонезын боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвөөс танаж бүрдүүлсэн байна. Ингэснээр багш нарын цалин болон сургуулиудын үйл ажиллагаанд зарцуулах нөөц ч буурчээ.

Индонезын хүүхдүүдийн 20 гаруй хувь нь хүнд хэлбэрийн тэжээлийн дутагдлаас шалтгаалсан өсөлтийн хоцрогдолд өртдөг асуудлыг шийдвэрлэхийн тулд уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.
Баривчилгааны дараа болсон хоол тэжээлийн арга хэмжээнд үг хэлэхдээ Ерөнхийлөгч Прабово агентлагт зөрчил гарсан тухай мэдээлэл сонссон гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч хууль хяналтын ажиллагаанд нөлөөлөхөөс зайлсхийхийн тулд дэлгэрэнгүй тайлбар хийхийг хүсэхгүй байгаагаа хэлжээ.
“Би хайрлаж, итгэж байсан хүмүүсээ солихоос өөр аргагүй болсон” хэмээн тэрээр мэдэгдсэн байна.
Мөн үнэгүй хоолны хөтөлбөр нь “хэн нэгэн өөрийгөө баяжуулах хэрэгсэл болж болохгүй” гэдгийг онцолжээ.
Үүнээс өмнө Прабово тус хөтөлбөр “олон асуудалтай тулгарсан”-ыг хүлээн зөвшөөрч, өнгөрсөн сард хэлсэн үгэндээ “дүрэм зөрчсөн эсвэл эрх мэдлээ урвуулан ашигласан хэн бүхний эсрэг арга хэмжээ авна” гэж амлаж байв. “Би хаана ч очсон жирийн иргэд, тариаланчид надтай уулзаад “Ерөнхийлөгч өө, үнэгүй тэжээллэг хоолны хөтөлбөрөө битгий зогсоогооч. Энэ нь манай ач зээ нарт хоол идэх боломж олгож байна” гэж хэлдэг” хэмээн тэрээр ярьжээ.