
Өнөө цагийн Монголын уран зургийн нэгэн өвөрмөц, содон төлөөлөгч болсон уран бүтээлч бол эх орныхоо соёл урлаг, ёс заншил, үүх түүх, байгаль, эл бүгдтэй харгалдах дотоод сэрэхүйгээрээ өнгө зохиомж, бэлгэдлийн онцгой хэлбэрээр илэрхийлдэг Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд билээ.
Тэрээр саяхан “Монгол” нэртэй ээлжит бид даасан үзэсгэлэнгээ үзэгчдэд толилуулсан юм. Үзэсгэлэнд тавигдсан зураг бүр өөрийн гэсэн давтагдашгүй онцлог, харилцан адилгүй шинж чанартай. Үүнээс гадна бүхэлдээ түүхэн цаг хугацааг орчин үеийн хөгжилтэй холбосон зураачийн эрэлхийлэл, оюуны нэгэн цогц санааг тэндээс уудалж болно. Харин зургийн төрөл дотроос 2016 онд нийтэд хүргэсэн “Төгс бэлгэдэлт урлаг”, үүнээс арван жилийн дараа гаргасан “Монгол” үзэсгэлэнгийн бүтээлүүд ч тэр инперссионист, зарим талаар сюррелист чиг хандлагатай.
Ерөөс байгаль гэдэг олон өнгөний зохицол. Магадгүй үзэсгэлэнгийн бүтээлүүдэд тэмээ, говийн дүрслэл зонхилж байгаа ч нар мандах, жаргах, эгц дээрээс голлох болоод салхины хөдөлгөөн, зэрэглээний хөлөөр үүдэхээс шалтгаалан хэрхэн хувирч, өөрчлөгдөж байгааг тун гярхай ажигласан шиг санагдана. Тиймдээ ч өнгөнүүдийн хослол нь бусад зураачаас онхи өөр зохицолтойгоос гадна зургийн дүрүүд дэх зохиомж, таталсан зураасууд нь зөвхөн түүний зургийн дэвсгэрт л амилдаг мөн чанарыг цогцлооно.

Ц.Цэгмэдийн бүтээлүүдийг харахад Монголын дүрслэх урлагийн эртний уламжлал орчин үеийн өнгө хэлээр дахин амилсан мэт сэтгэгдэл төрнө. Түүний зарим зурагт хүний дүр, амьтан, уул ус, тал нутгийн орон зайг бодит хэлбэрээс нь салган, нэгэн бүхэл зохиомжид уусгасан байдал ажиглагдана. Энэ нь эртний монголчуудын байгаль, амьтан, хүний харилцааг тусгаар бус, нэгэн цогц ертөнц хэмээн үздэг сэтгэлгээтэй холбож болохоор. Ялангуяа тэмээний дүрслэл нь зөвхөн нэг амьтан эсвээс малынх бус, говийн амьдрал, нүүдэл, алсын орон зайн бэлгэдэл болон хувирдаг. Дүрүүдийн хэлбэрийг хэт нарийвчлан хуулбарлахаас илүү тэдгээрийн мөн чанар, хөдөлгөөн, оршихуйн мэдрэмжийг барьж авахыг зорьсон нь анзаарагдана. Тиймээс эдгээр бүтээлээс эртний дүрслэлийн ул мөрийг шууд хуулбар хэлбэрээр бус, уран сэтгэмжийн дотоод хэлээр нь мэдэрч болохоор санагдана.
Эртний монголчуудын дүрслэх урлагт байгаль, амьтан, хүний дүр үргэлж тодорхой бэлгэдэлтэй оршиж ирсэн. Ц.Цэгмэдийн зурагт ч уулын хяр, говийн хөндий, тэмээний цуваа, хүний хөдөлгөөн зэрэг нь дан ганц үзэгдэл биш, тодорхой утга агуулсан дүрслэл болон зохиомжид оржээ. Зарим бүтээлд дүрсүүд нь хоорондоо зааглагдсан гэхээсээ илүү нэгэн өнгө, нэгэн хөдөлгөөнөөр холбогдож байгаа нь нүүдэлчдийн орон зайн тухай ойлголтыг уран төсөөллөөр хэмжсэн шиг бодогдоно. Өнгөний дунд тодрох жижиг дүрслэлүүд хүртэл том орон зай дотор өөрийн байр суурьтай орших нь зургийн цогц байдлыг хадгалдаг. Өөрөөр хэлбэл, зураачийн хувьд монгол дүрслэл гэдэг нь зөвхөн уламжлалт хээ угалз, хувцас хэрэглэлээр илэрхийлэгдэх зүйл биш бололтой. Харин ертөнцийг бүхлээр нь харах, байгальтайгаа харилцах тэрхүү сэтгэлгээ бүтээлийнх нь гүнд оршиж байна.
Нүүдэлчдийн амьдралын дүрслэлийг санагдуулах тэмээ, тал нутгийн орон зай нь орчин үеийн хийсвэр өнгө, чөлөөт зураас, задгай зохиомжтой сүлэлдэнэ. Ингэснээр уламжлалыг яг хэвээр нь хадгалах бус, түүнийг өнөө цагийн уран бүтээлчийн мэдрэмжээр дахин тайлбарлах оролдлого бий болжээ.
Энэ нь Монголын дүрслэх урлагт уламжлал хэрхэн шинэ хэлбэрээр үргэлжилж болохыг харуулах нэгэн тод жишээ юм. Зургийг удаан ажиглах тусам эхэндээ энгийн мэт харагдах дүрсүүдийн цаана илүү эртний, танил мэдрэмж нуугдаж байгааг анзаарч болно.

Ц.Цэгмэдийн бүтээлүүдэд байгаль бол зургийн арын дэвсгэр төдий зүйл биш. Харин бүтээлийн өнгө төрхийг тодорхойлогч гол эх сурвалжийн нэг. Говийн шаргал элс, бор хүрэн хөрс, саарал чулуу, нарны тусгалд хувирах уулын хажуу, алсын хөхөвтөр бараа зэрэг байгалийн олон өнгө түүний бүтээлүүдэд өөр өөр хэмнэлээр шингэжээ. Ялангуяа шар, хүрэн, улаан, саарал өнгөний харилцан шилжилт нь зарим зурагт говийн хуурай агаарыг хүртэл мэдрүүлэхээр байна. Эдгээр өнгө нь байгаль дээрх бодит үзэмжтэй яг адил байх албагүй ч тухайн газрын талаарх хүний төсөөлөлд буух сэтгэгдлийг хадгалсан байдаг. Өөрөөр хэлбэл, зураач байгалийн өнгийг хуулбарлахаас илүү түүнээс үлдсэн мэдрэмжийг өөрийн “палитр” болгон хувиргажээ. Тиймээс зураг бүрийг харахад газрын хөрс, чулуу, салхи, нарны халуун хүртэл өнгөөр дамжин мэдрэгдэнэ.
Чулуулгийн хээ, газрын ан цав, элсний хөдөлгөөн хүртэл зураачийн хувьд өөрийн гэсэн дүрслэлийн хэл болж хувирдаг бололтой. Зарим бүтээлд гадаргуу нь нэгэн жигд бус, олон давхар өнгө, толбо, зураасаар бүтсэн нь байгалийн өөрийнх нь элэгдэл, хагарал, давхаргыг санагдуулна. Чулууг ойроос харахад илэрдэг жижиг хээ, газрын тогтоцын өөрчлөлт, салхинд элэгдсэн гадаргуу зэрэг нь том хэмжээний зохиомжид шинэ хэлбэрээр орж иржээ. Иймээс зургийн гадаргууг зөвхөн өнгө будгийн нийлбэр гэж харахад дутуу бөгөөд түүнд газар нутгийн физик төрх өөрөө шингэсэн мэт. Ялангуяа говийн байгальд байдаг нам гүм, хөдөлгөөнгүй мэт атлаа байнга өөрчлөгдөж байдаг чанарыг зураас болон өнгөний шилжилтээр илэрхийлсэн байна.
Харин нарны байрлал, гэрэл сүүдэр, улирал, цаг агаарын өөрчлөлт хүртэл газрын өнгийг өөрчилдөг. Ц.Цэгмэдийн бүтээлүүдэд энэ хувирал нь нэг л өнгөний олон хувилбараар бус, хоорондоо эсрэг мэт шаргал ба хөхөвтөр, хүрэн ба улаан, бараан ба цайвар өнгийн харилцаагаар мэдрэгдэнэ. Үүний улмаас нэг зурагт нар мандахын өмнөх нам гүм байдал, нөгөөд нь өдрийн хурц гэрэл, өөр нэгэнд нь нар шингэх үеийн дулаан өнгө дүрслэгдсэн нь бий.

Ц.Цэгмэдийн бүтээлүүдийг ажиглахад газар нутаг өөрийн гэсэн “тамгатай” мэт харагддаг нь сонирхол татна. Тэр тамга нь заавал тодорхой уул, говь, гол мөрний дүрслэлээр илэрхийлэгдэхгүй. Харин тухайн газрын өнгө, гадаргуу, хэмнэл, гэрэл, салхины хөдөлгөөнөөр мэдрэгдэнэ. Зарим зурагт газар хагарч, элэгдэж, давхарлаж тогтсон мэт зураасууд бий болсон нь олон жилийн турш байгалийн өөртөө үлдээсэн сорви шиг харагдана. Энэ сорви нь сүйдлийн тухай бус, харин цаг хугацаа газрын гадарга дээр хэрхэн бичигдэж үлддэг тухай ойлголтыг төрүүлнэ. Хүний гараар зурсан зураас байгалийн өөрийнх нь мөртэй нийлж, хоёр өөр цаг хугацааг нэг гадаргууд уулзуулжээ. Ингэхлээр бүтээлд цаг хугацааны нэгэн төрлийн дурсамж амилж байна.
Өөр нэг чанар гэвэл Европын уран зургийн техник, арга барилыг олон жилийн турш судалсан нь түүний бүтээлүүдийн өнгө, гэрэл, орон зайн шийдлээс мэдрэгддэг. Гэхдээ тэрхүү арга барил бүтээлд нь монгол ахуй, байгаль, бэлгэдлийн сэтгэлгээтэй нийлж шинэ хэлбэр олжээ. Өнгөний давхарга, гэрэл сүүдрийн харилцаа, дүрсийн задгай зохиомж зэрэг нь өрнийн уран зургийн туршлагыг сануулах боловч бүтээлийн дотоод хэмнэл нь монгол хэвээр үлддэг. Тэмээ, говь, уулын бараа, салхины мөр зэрэг нь тэр техникийг монгол орны өөрийн дүрслэлийн хэл рүү хөрвүүлж өгч байна. Тиймээс энд “Европын арга барил” ба “Монгол сэтгэлгээ” гэсэн хоёр тусдаа зүйл бус, нэг бүтээлийн дотор харилцан ууссан хоёр эх сурвалж үүдэж байгаа юм. Аливаа бүтээлд олон талын эх сурвалжийг ашиглаж болно. Харин хэрхэн, яаж илэрхийлэхээс л гол агуулга нь тодорхойлогддог.
Тэгээд ч “Монгол” хэмээх үзэсгэлэнд оноосон нэрийн цаана газар нутаг, түүх, уламжлал, байгаль, хүний дотоод мэдрэмжийг нэг дор багтаасан илүү өргөн ойлголт оршиж байна. Зураач өөрийн харсан говь, мэдэрсэн өнгө, ажигласан чулуу, салхины хөдөлгөөнөө шууд хуулбарлаагүй, харин тэдгээрийг өөрийн дотоод хэлээр дахин бүтээжээ. Иймээс бүтээлүүдийнх нь гадарга дээр Монгол орны газрын төрх төдийгүй түүнтэй харилцаж ирсэн хүний ой санамж, сэтгэлгээний ул мөр давхар үлдсэн аж.
Европын уран зургийн техникээр дамжуулан монгол ахуй, байгаль, бэлгэдлийг шинэ өнцгөөр харуулах энэ эрэл нь түүний уран бүтээлийн нэгэн чухал онцлог юм. Харин хамгийн гол нь тэр бүхний цаана зураачийн өөрийн гэх “тамга” буюу хаанаас харж, юуг мэдэрч, хэрхэн тайлбарлаж байгааг илтгэх өвөрмөц уран сайхны хэл бий.