
СОР17 хурал өнөөдөр тав дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт” боллоо. Форумын дээд түвшний яриа хэлэлцээнд орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааны удирдлагууд, Талуудын өндөр түвшний төлөөлөгчид, санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгэм болон бусад гол оролцогч талууд оролцож, олон талт засаглал, түншлэлээр дамжуулан UNCCD-ийн хэрэгжилтийг урагшлуулахад орон нутгийн “манлайллыг ахиулах” талаар санал солилцлоо.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож, саналаа солилцсон юм.
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад: “Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь 2050 он гэхэд хот, суурин газарт амьдрах төлөв бий. Хүн ам, эдийн засаг, дэд бүтцийн төвлөрөл нь хотуудыг хүний хөгжил, байгаль орчны тогтвортой байдлын гол цэг болгож буй. Газрын тухайд ярихад тэнд амьдарч буй хүмүүсийг асуудлаас гадуур орхиж болохгүй. Хот суурин газрыг хөдөө орон нутгийн газраас ялгаж болохгүй, санхүүгийн нөөц бололцоог хэрхэн хүргэх, газар, усны зөв зохицуулалттай менежмент чухал юм. Эдгээр нь хоорондоо уялдаатай байх ёстой. Иймд бид газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх байдлын талаар ярилцаж, хамгийн сүүлийн өдөр бүх хүнд зориулсан, сөрөн тэсвэрлэх боломжтой эрүүл газрын талаар шийдвэрээ гаргана” гэдгийг тодотголоо.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Цөлжилт, ган гачиг, газрын доройтол ихэвчлэн орон нутгийн асуудал гэдэг ч үр дагавар нь хүн амын шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол зэргээр дамжин иргэдийн амьдралд нөлөөлж, хот бол эрсдэлийг хүлээн авагч болдог тул СОР17-гоос дэлхийн түвшинд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх хамгийн чухал хүмүүс нь хотын дарга нар гэдгийг онцлов. Тэрбээр дэлхий нийтийн манлайлалд хотын үүрэг маш чухал. Ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалт, хот төлөвлөлтийн тухай хэлэлцэх нь хангалттай бус нэг хотод амжилттай хэрэгжсэн шийдлийг бусдад дэлгэрүүлэх нь зүйтэй. Бид дээрх асуудлыг шийдэхэд олон улсын болон санхүүгийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.
ХБНГУ-ын Бонн хотын зөвлөлийн гишүүн, хотын орлогч дарга доктор Урсула Зауттер: “Бонн хот өнгөрсөн тавдугаар сараас эхлэн 35-40 градус хүрч хэт халж байна. Хотын барилга байшинг хэт халуунд тохируулж төлөвлөөгүй. Газрын хөрс элсэн цөл шиг болсон. Мод бут, шувуудад ч хэцүү байгаа. Усны түвшин урьд өмнө олон зууны турш хэзээ ч байгаагүйгээр багассан. Бусад улс орон ийм зовлон туулж байсныг анх удаа мэдэрсэн. Энэ утгаараа уулзалтад оролцож буйдаа талархаж байна. Мөнгөөр бүхнийг шийдэх боломжгүй. Хотод үйл ажиллагаа явуулж ашиг олдог байгууллагад биологийн төрөл зүйл, байгаль хамгаалах эрх олгосноос гадна Бонн хот хүндрэлээс гарахын тулд газар эзэмшигч ард иргэдээс санхүүжилт тусламж авч байгаагаа дурдсан юм.” гэсэн юм.