Өдөр бүр бид ямар нэг хэмжээгээр стресст өртдөг. Хотын түгжрэл, утаа, ажлын ачаалал, хүн хоорондын харилцаа зэрэг нь бага багаар бидний сэтгэл зүйд нөлөөлдөг.
Үүний хажуугаар амьдралын буруу хэвшил, үл анзаарагдам жижиг зуршлууд ч стрессийг улам нэмэгдүүлж байдаг.
Ийнхүү хуримтлагдсан бухимдал, сэтгэлийн дарамт тодорхой хугацааны дараа сэтгэл түгших, уур бухимдалтай болох, нойрны хямрал үүсэх зэрэг сэтгэл зүйн эмгэгийн үндэс болдог. Хэрэв энэ байдлыг цаг тухайд нь таньж, зохицуулахгүй бол сэтгэл гутрал, архаг түгшүүр зэрэг ноцтой хямралд хүрэх эрсдэлийг дагуулдаг аж. Энэ нь зөвхөн сэтгэл санаанд бус, бие махбодын эрүүл мэндэд ч муугаар нөлөөлж, амьдралын чанар алдагдахад хүргэдэг байна.
Гэвч өнөөдрийн нийгэмд хүн бүр сэтгэл зүйгээ “ил гаргаж”, хүнтэй хуваалцах боломж, нөхцөл хомс. Ажлын ачаалал, завгүй амьдралын хэмнэл, итгэж ярилцах хүнгүй байх, санхүүгийн хүндрэл зэрэг олон хүчин зүйл хүмүүсийг дотоод бодолдоо дарагдаж, сэтгэл зүйгээ орхигдуулахад хүргэж байна. Харин хүмүүсийн сэтгэл зүйн хэрэгцээг хиймэл оюун ухаан тодорхой хэмжээнд нөхөж эхэлжээ.
Хүн бол нийгмийн амьтан. Бусдад ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх, дотоод мэдрэмжээ илэрхийлэх нь бидний төрөлх хэрэгцээ. Гэвч өнөө цагт энэ хэрэгцээг хангах орон зай улам бүр хумигдсаар, олон хүн дотоод ертөнцөө хуваалцах боломжоор дутагдаж байна.
Тэгвэл сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан (AI) нь хүмүүсийн амьдралд улам бүр нэвтэрч, олон төрлийн асуудалд шийдэл гаргах болжээ. Хүмүүс сэтгэл санааны дэмжлэг авахын тулд AI чатботуудад өөрсдийн мэдрэмжүүдээ хуваалцах нь нэмэгдсэн байна. Энэ нь сэтгэл зүйн салбарт шинэ хандлагыг бий болгож байгаа аж. Тухайлбал, ChatGPT, Woe bot, Wysa зэрэг чатботууд нь хүмүүсийн сэтгэл санааг амраах, стрессийг бууруулахад анхан шатны дэмжлэг үзүүлж чаддаг болжээ. Эдгээр чатботууд нь хэрэглэгчийн асуулт, сэтгэл хөдлөлийг ойлгож буй мэт харилцаж, эелдэг, шүүмжлэлгүй хандлагаар хариу өгдөг байна. Улмаар хүмүүст аюулгүй мэдрэмж төрүүлдэг аж. Энэ нь хэрэглэгчдэд өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, шаналлаа нэрэлхэлгүй хуваалцах боломжийг олгодог байна.
Мөн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг AI ийн өөр нэг давуу тал нь 24/7 цагийн хязгааргүй ажиллагаа аж. Хэзээ ч, хаанаас ч хандах боломжтой нь хэрэглэгчид ганцаардаж, ярих хүнгүй мэдрэгдэх тэр цаг мөчид тусламж авах боломжийг олгодог байна. Ялангуяа шөнө дунд сэтгэл түгшсэн үед, эсвэл ойр дотнын хүндээ ярихад хэцүү сэдвийг хуваалцах шаардлагатай тохиолдолд AI нь сайн сонсогч болж чаддаг гэж хэрэглэгчид үзжээ.
Тэгвэл сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг AI чатботуудын дундаас хэрэглэгчдийн хамгийн түгээмэл ашиглагддаг нь ChatGPT юм.
ChatGPT нь “Generative Pre-trained Transformer” (GPT) технологид тулгуурлан ажилладаг бөгөөд хэрэглэгчийн асуултад ухаалаг, тодорхой хариулт өгөх чадвартай. Энэ технологи нь хэрэглэгчийн мэдрэмж, асуудалд тохирсон гүн гүнзгий яриа өрнүүлэх боломжийг олгодгоороо онцлог.
Түүнчлэн, ChatGPT-ийн хэрэглэгчдийн тоо өдөр бүр нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 122.5 сая идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд 20 ам.доллар төлдөг хэрэглэгчдийн тоо хоёр сая орчимд хүрчээ. Эдгээр хэрэглэгчид нь ChatGPT ийн premium үйлчилгээ болон нэмэлт боломжуудыг ашиглаж, шийдвэр гаргах, мэдээлэл авах, санаа бодлоо хуваалцах зэрэг олон төрлийн хэрэгцээнд ашиглаж байна.
Тэгвэл яг юунд, ямар зорилгоор AI-г хэрэглэж байгааг илүү тодорхойлохоор Harvard Business Review-гаас судалгаа хийжээ. Ингэхэд ChatGPT болон түүнтэй төстэй AI хэрэгслүүдийг хэрэглэгчид голчлон дөрвөн үндсэн чиглэлээр ашиглаж байжээ.
Үүнд,
-
Бодлоо цэгцлэх,
- Хувийн шийдвэр гаргахад туслуулах,
- Сэтгэл санаагаа тайтгаруулах,
- Мэргэжлийн нөхцөлд бүтээмжээ нэмэгдүүлэх гэх зэрэг хэрэглээ зонхилж байсан
байна.
Судалгаанд оролцогчдын тодорхой хувь нь AI-тай ярилцсаны дараа өөрийгөө ойлгосон мэт сэтгэгдэл төрсөн гэж хариулсан байна. Энэ нь технологийн хэрэглээ зөвхөн мэдээлэл дамжуулахаас илүү гүнзгий харилцааны хэрэгцээг хангах түвшинд хүрснийг илтгэж буй. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүдийн зүгээс Chat GPT нь зөвхөн өгөгдөлд тулгуурлан ажилладаг учир хүний сэтгэл зүйг бүрэн ойлгох, эмчилгээний түвшинд дэмжлэг үзүүлэх чадваргүй гэж үздэг. Зөвхөн стрессийн түвшнийг бууруулж анхан шатны сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх л чадамжтай гэдгийг анхааруулаад байгаа юм.
Ганцаардлыг нимгэлж, хэн нэгний итгэлтэй хамтрагч болж буй хиймэл оюун ухаанд сүүдэртэй тал бий. Хиймэл оюун ухаан хэрэглэгчидтэй харилцахдаа тэдний ямар ч авир, араншныг ойлгож, эерэг өнцгөөр хариу өгч, зөвхөн хүссэн хариултыг нь өгдөг. анхаарал, Энэ нь хэрэглэгчдэд ойлголт, дэмжлэгтэй харилцаа мэт санагдаж, тэднийг тухтай мэдрэмжид оруулдаг ч, бодит амьдрал дахь харилцаанд ийм төгс зүйл гэж үгүй. Хүн хоорондын харилцаа нь зөвхөн эерэг хариулт өгдөг байхаас гадна үнэнч байдал, ойлголт, санал зөрөлдөх, шүүмжлэл, эсрэг үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх чадвар шаарддаг. Гэтэл хиймэл оюун ухаанд энэ чадвар дутмаг.
Мэдээж, зөвхөн хүн л бие биетэйгээ аливаа асуудалд гүн харилцан, ойлголцож чаддаг. Мөн зөрчилдөөн үүсэх үед ч ойлголт, хүндлэлд шүүлт хийж, харилцан суралцаж чаддагаараа орлуулшгүй юм. Харин хиймэл оюун ухаан хүний амьд харилцааны нарийн төвөгтэй элементүүдийг бүрэн гаргаж чадахгүй.
Гэтэл өнөөдөр шинэ үеийн залуучууд хүнээс илүү хиймэл оюун ухаант төхөөрөмжүүдтэй харилцахыг илүүд үзэх болсон. Тухайлбал, НҮБ-ын “A Future with AI: Voices of Global Youth” судалгаагаар, залуучуудын 80 хувь нь өдөр бүр хиймэл оюун ухаантай харилцдаг гэж хариулжээ. Мөн 68 хувь нь хиймэл оюун ухаанд итгэдэг гэж үзсэн байна. Энэ нь тэдний өдөр тутмын харилцаанд хиймэл оюун ухаан чухал байр суурь эзэлж байгааг харуулж буй.
Эцэст нь хиймэл оюун ухаан бидний амьдралыг хөнгөвчлөх, ганцаардлыг намдаах зорилготой. Гэвч, хүнийг орлуулах нь хиймэл оюун ухааны үүрэг биш юм. Тиймээс, хиймэл оюун ухааны хязгаарлалт, боломжийг зөв зохистой ашиглах нь өнөөдрийн бидний чухал анхаарах асуудал болоод байна.