
Саяхан УИХ-ын залуу гишүүн “Би legacy үлдээнэ” гээд мэдэгдэл хийлээ. “legacy” гэдэг латин үгийн анхны утга бол гэрээсээр үлдээсэн өв хөрөнгө боловч шилжсэн утгаар нь түүхэн гавьяаг ойлгож яриад байх шиг.
Хүн төрөлхтний хөгжил, дэвшлийн түүхэнд legacy үлдээсэн хүн олон. Амьдад нь тэднийгээ тодорхойлж байсангүй. Түүх хожим нь дүгнэж, баларшгүй гавьяаг нь нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр Монголын нийгмийн амьдралд legacy үлдээх амбиц улстөрчийн цээжинд байгаа бол сайн. Гэхдээ хийсэн ажил болгоноо legacy боллоо гэж хошгорвол шившиг л болно.
Өөрийгөө улстөрч хэмээгчдэд танигдах хэрэгцээ их. Олонд танигдахын тулд хийсэн ажилтай, ярьдаг сэдэвтэй, өөрийгөө нотлон харуулсан замналтай байх наад захын шалгуур тавигддаг. Сонгуулийн сурталчилгааны цөөхөн хоногт тэрийгээ сэргээн сануулж, харьцуулагдаж л амжина. Хэн ч мэдэхгүй нөхрийн ам мэхэнд итгээд саналаа өгчихдөг сонгогч одоо цагт ховор. Тийм учраас тойрогт сойх боловсон хүчнийг салбар бүрээс сорчилж элсүүлэх, адаглаад намын аппаратын ажил даалгаж шингээх ажлыг улс төрийн намууд байнга хийдэг. Улс төрд горилогсод ч намын анхан шатныханд өөрийгөө харуулж дотночлох ажилд эртнээс шамддаг. Цаг хугацаа, боломж нөөц бүрдсэн бол нам, горилогч хоёр танигдах бэлтгэлдээ эртнээс орж, сонгогчидтойгоо тулдаг. Эрх мэдэлд байгаа улстөрчдийн хувьд нөхцөл байдал өөр. Тойргоо бусдадаа алдахгүй байх, ажлын үзүүлэлтээ нэмэх, амьтан хүний анхааралд байнга өртөх, нам засгийн дээд түвшиндээ тал алдахгүй байх, төрөөс даалгасан, өөрөө санаачилсан ажилдаа эзэн болох наад захын шаардлагатай. Овог нэр, зүс царайгаа тайз дэлгэц, арга хэмжээ, гарын бэлэг, интернэт сүлжээгээр гаргах хэрэгцээ тэдэнд их байдгийг нэрээ бичсэн аяга, нүүрээ хэвлүүлсэн хивс, өдөр тутмын зардалтай зураг, бичлэгээс нь хардаг.
Зарим улстөрч нийгмийн бүх сэдэв дээр дуу гаргана. Мэдэхгүй сэдэв, дутахгүй үйл явдалгүй. Зарим улстөрч мэргэшсэн тодорхой сэдэв дээрээ мэргэжлийн байхыг хичээдэг бол зарим нь өөр дээрээ сэдэв үүсгэх замаар тухайн сэдвээ өмчилдөг. Түүнээс гадна эрх ашгийн лобби бүлгүүд байнга хэвлэлийн бага хурал хийж, өөрсдийгөө сануулдаг. Одоогийн УИХ-д олон жилийн өмнө нас барсан Эппштейнийг ярьдаг хэсэг байна, Оюу толгойн асуудлыг анхаарлын төвд байлгадаг хэсэг байна, сэргээгдэх эрчим хүчний лоббичид байна, хуулийн хулгайтай тэмцэгчид байна, аймгийн дарга аснуудын бүлэг байна. Тэд аливаа акц дээр үүссэн бөөгнөрөл бол хууль тогтоох ажил дээр үүссэн ажлын хэсгүүдийн бөөгнөрөл ч үе, үе үүснэ. Энэ олон эрх ашиг, бужигнааны дүнд УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан хууль, тогтоолоо батлуулж чадвал ажлын үзүүлэлт. Нэг сайн эсвэл муу хууль гаргасан зарим улстөрч нэг насаараа тэр хуулиараа дурсагдах жишээтэй.
Ингэж дурсагдсан улстөрчид парламентын түүхэнд хэд бий. Тэдгээрээс хоногшсон нь, “Монос”-ын Л.Эрдэнэчимэгийн Тамхины хяналтын хууль юм. Парламентад маш олон эдийн засагч, эрх зүйч, багш, санхүүч мэргэжилтэн, бизнес, нам, төрийн албаны төлөөлөл суудаг. Мэргэжил, мэргэшлээрээ хандахаар нэгнээсээ ялгарч, тодорч өгдөггүй өөрсдийн зовлонтой гэж ярьдаг. Тухайн парламентын олон эмэгтэй, олон бизнес эрхлэгчийн нэг Л.Эрдэнэчимэг ажлын байр, үйлчилгээний газар, гудамж талбай хаа сайгүй тамхиа баагиулж харагддаг явдлыг Тамхины хяналтын хууль санаачлан батлуулснаараа хязгаарлаж чадсан гавьяатан учраас ялгарч дурсагддаг. Тамхины хуулиар дурсагдах дараагийн улстөрч энэ парламентад суугаа УИХ-ын гишүүн О.Номинчимэг.
О.Номинчимэгийн тухайд Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсгийг ахалж, 2024 оноос ажиллаж байна. Хууль нь 2026 оны хаврын чуулган тарах дөхсөн үед батлагдаагүй л байна. Л.Эрдэнэчимэгийн дайсан бол янжуур тамхи импортлогчид, тамхиар гол орлогоо олдог ТҮЦ-ийнхэн байв. Харин О.Номинчимэгийн дайсан бол янжуурынхан дээр нэмээд электрон, шингэн тамхи импортлогчид, түүнийг худалдагсад. MCS, Шунхлай буюу CU, GS25 сүлжээгээр зарагддаг, импортлогчид нь эдгээр бизнесийн өв залгамжлагчдаас бүрддэг, дахиад цаана нь бусад сүлжээ дэлгүүрээр олон янзын бараа орж ирж байна. Янжуур хямд үнэтэй бага татвартай бол электрон тамхи бүр ямар ч хуулийн зохицуулалтгүй, ямар ч татваргүй. 2018 оноос зах зээлд нэвтэрсэн гэхээр сүүлийн найман жил ямар ч татвар, хяналтгүй зарагдаж байгаа далд эдийн засаг, асар ашигтай бөгөөд ашгаараа шийдвэр гаргагчдыг авлигадаж чадах картель юм.
О.Номинчимэг нар Тамхины хуульд нэмэлт, өөрчлөлт хийнэ, шинэчилнэ гэж яриад бүтэн хоёр жил боллоо, ажил нь гараас нь гарсангүй. Уг нь vape, электрон тамхины төрлүүдэд хүүхэд, залуус ихээр орж байгааг болиулах, худалдааг нь хяналтад оруулах, татвараа улс авдаг болгох гээд маш зөв юм яриад байх юм. Ийн ярьж эхэлснээс хойш ямар их удав аа. Ийм учраас эс үйлдлээрээ жүжигчилсэн тэмцэл хийж байна гэх хардлага төрөөд байгаа юм.
Яасан ч удаан ярьж, гомдоллож, гоншигонож, уулзалт, хэлэлцүүлэг хийдэг юм. Хувийн эмнэлгийн эмч нартай уулзлаа гэнэ, өрхийн эмнэлгийнхэнтэй уулзлаа гэнэ, багш нараар хэлэлцүүллээ гэнэ, хүүхдийн эрхтэй холбоотой гэнэ. Барилдахаас таахалзах гэгчээр цаг барсан маш их “ажил” хийлээ. Татвар, хяналттай холбоотой заалт оруулаад засчих юмыг шинэчилсэн найруулга болгон өргөжүүлж, өч төчнөөн хэлэлцүүлэг, кампанит ажил хийж, өөрийгөө сурталчлах ажлыг л хамгийн сайн хийж байна. Сэдвээ зажлаад байна гэсэн үг. Ерөөсөө тамхитай тэмцэгч гэх нэрний төлөө явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Нөгөө электрон тамхи оруулж ирдэг, худалддаг ААН-үүдээ шантаажлаад байгаа юм уу гэдэг хар ч төрж эхэллээ. Нөгөө элдэв тамхины ард байдаг улстөрчид, сайд нарыг зарлана гээд байсан, нэг ч хүний нэр хэлсэнгүй. Тамхи бол ашигтай бизнес. Энэ бизнесийг ашигтай, хэрэглэгчтэй байлгахын тулд тэдгээр бизнесийнхэн маш их зүйл хийж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллага, сошиалчид, элдэв хүмүүсийг ашиглаж байгаа. Гэхдээ энэ бол хууль санаачлах, батлах бүрэн эрхийн хажууд юу ч биш. Вьетнам зэрэг орноос хар тамхины бодисыг электрон тамхи хэлбэрээр оруулж ирж Монголд худалдсан тохиолдол ч гарсан. Гудамжаар татаад явж байхад нь хүн анзаарахгүй болсон гэсэн үг. Гэтэл ийм аюулын эсрэг шуурхай ажиллахгүй байна гэдэг бол нөлөөнд автсан хэн нэгэн байх вий гэсэн хардлагыг төрүүлж байна.
Хүн ажил хийх гэж байхад тэр ажлыг нь хүний өмнүүр орж ажлыг нь булааж аваад, эсвэл хамт хийе гэж шургалж ороод удаагаад, жонхууруулаад, шалтаг тоочоод бүтэн бүтэлгүйтүүлдэг нөхөд хаа газарт байдаг шиг. Муу хүнийг зар, зарсан хойноо өр ч гэдэг үг бий. 2024 оноос электрон тамхины импорт, худалдаанаас улс татвараа бүрэн дүүрэн авч чадсангүй. Авах ёстой татварыг авдаг болгоно гэж ярьж удаасны алданги ба удааж өгсний шан харамжид хэдийг авсан бэ та нар гэж зөрүүлээд шалгамаар хугацаа үлдэж байна. “Утаат тамхи” гэсний ард электрон тамхины элдэв төрлийг тоочоод бичихэд энэ хууль болчих л байсан. Өнөөдөр CU, GS25 зэрэг 24 цагийн, ашигтай байрлалуудад байгаа сүлжээ дэлгүүрүүд, бөөний болон жижиглэнгийн худалдаагаар, хүргэлтээр бүх төрлийн электрон тамхи худалдаалагдаж, энэ бизнес хяналтгүй тэлж байна. Яаран хийх шаардлагатай зохицуулалтыг удааж, зажилснаараа та бүхэн ил далд агуулгаар тамхины бизнесийг дэмжиж байгаа мэт харагдаж байна.