
ХЭҮК-оос Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө сэвдээр мэдээлэл өглөө.
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд "Иргэний орон зайг хамгаалах, иргэний нийгэм, ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор ХЭҮК удаа дараагийн бодлогын баримт бичигтээ тусгаж ирсэн.
Холбогдох хууль, тунхаглал, олон улсын фактуудад үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. Нөгөө талаас хүний нэр төр, алдар хүнд, хувийн болон гэр бүлийн амьдралд дур зоргоороо халдах тухай мөн хууль, гэрээгээр баталгаажуулсан байдаг.
Гэвч өнөөгийн байдлаар цахим орчинд хуурамч хаяг, нэрээ нууцалсан хэрэглэгчээс хүний нэр төр, алдах хүндэд хууль бусаар халдах байдал газар авч, олон нийтийн сэтгэл зүйд энэ байдал сөргөөр нөлөөлж байна. Мөн үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн эсрэг төрийн байгууллагын албан тушаалтан гомдол гаргах, зөрчил, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах тохиолдол ч гарч байна. Энэ нөхцөл байдал нь иргэдийн дунд эргэлзээ, айдас төрүүлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумих эрсдэл үүсгэж байна гэж ХЭҮК үзэж байна.
Статистикаас үзэхэд, 2025 оны 11 дүгээр сараас өнөөдрийн хүртэл худал мэдээлэл тараах замаар хүний нэр төр, алдар хүндэд халдсан гэх нийт 362 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Харин өмнөх онуудад бүртгэгдсэн нийт 859 гомдол, мэдээллийг хэрэгсэхгүй болгож хаасан байна. Түүнчлэн холбогдох талууд нь тодорхой байгаа тохиолдолд шүүх тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой эрх зүйн зохицуулалт өнөөдөр үйлчилж байна. Харин цахим орчинд нэрээ нууцалсан хаяг ашиглах бусдын нэр төрд халдаж, худал мэдээлэл тараасан тохиолдолд тухайн мэдээллийг түгээсэн этгээдийг олж тогтоох, зөрчигдсөн эрхийг сэргээх боломж хомс. Тэгэхээр Монгол Улсын иргэдийн нэр төр, алдар хүнд, гэр бүлийн нууцлал бүрэн хамгаалалтгүй байна" гэв.