
“Дэлхийн аз жаргалын индекс”-ээр Монгол Улс 2025 онд 5.83 оноогоор 147 орноос 77 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ нь 2023 оныхоос 16 байраар ухарсан үзүүлэлт. Бид дэлхийн аз жаргалын хэмжүүрээр урагшилсангүй, харин ч хойшилжээ. Гэхдээ олон улсын индексээс илүүтэй бидний өдөр тутмын амьдрал юу өгүүлж байна вэ. Бид үнэхээр сайн сайхан амьдарч, аз жаргалтай байж чадаж байна уу.
Ердөө 2.6 хувь нь монголчуудын сайн сайхан байна хэмээн үнэлжээ
Есдүгээр сард танилцуулсан “Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаа”-ны дүнгээс харахад монголчуудын амьдрал тийм ч өөдрөг дүр зурагтай биш байна. “Оптимал Эн Макс” компаниас хоёр жилийн хугацаанд хийсэн уг судалгаагаар “Монголчуудын сайн сайхан байдал өнөөдөр ямар түвшинд байна вэ” гэж асуухад оролцогчдын 52.6 хувь нь муу, 49.8 хувь нь дунд гэж үнэлжээ. Харин ердөө 2.6 хувь нь сайн гэж хариулжээ. Судлаачид иргэдийн амьдралыг зөвхөн орлого, хэрэглээгээр хэмжсэнгүй. Харин хүн өөрийгөө хэрхэн мэдэрч байгаа, нийгмийн харилцаа, ажил хөдөлмөр, эрүүл мэнд, амьдрах орчиндоо хэр сэтгэл хангалуун байгааг хамтад нь авч үзжээ.
Улаанбаатар хот, орон нутгийн бүсүүд болон гадаадад амьдарч буй 18-аас дээш насны 5001 хүнийг хамруулсан судалгаанд сайн сайхан байдлыг сэтгэл зүй, нийгэм, санхүү, бие махбод, ажил хөдөлмөр, цахим орчин, хүрээлэн буй орчин, хувийн амьдралын сайн сайхан байдал гэсэн найман чиглэлээр үнэлсэн байна.
Сайн сайхан байдлын хүчин зүйлийг 0-1 хүртэлх оноогоор (хувирган) хэмжихэд ажил хөдөлмөрийн сайн сайхан байдал хамгийн өндөр буюу 0.75 оноотой гарчээ. Харин сэтгэл зүй 0.67, бие махбод болон цахим орчин тус бүр 0.64, нийгмийн харилцаа 0.62, хувийн сайн сайхан байдал 0.61 оноотой байна. Хамгийн анхаарал татсан нь санхүүгийн болон хүрээлэн буй орчны сайн сайхан байдал юм. Эдгээр үзүүлэлт тус бүр 0.52 оноо авч, бусад чиглэлээс доогуур гарчээ.
Өөрөөр хэлбэл, хүмүүс ажил хөдөлмөр эрхэлж, өдөр тутмын амьдралаа авч явахын зэрэгцээ санхүүгийн хувьд тогтвортой байх, эрүүл, таатай орчинд амьдрах тал дээр бэрхшээлтэй байгааг энэ үр дүн харуулж байна.
Орлого нэмэгдэх тусам амьдралд хандах хандлага өөрчлөгдөж байна
Судалгааны хамгийн сонирхолтой хэсэг нь сарын орлого болон сайн сайхан байдлын хоорондын хамаарал юм. Орлого нэмэгдэхийн хэрээр ажил хөдөлмөр, бие махбодын эрүүл мэнд, нийгмийн харилцаа, санхүү, сэтгэл зүй, амьдралын сэтгэл ханамжийн үзүүлэлтүүд ерөнхийдөө сайжрах хандлагатай байжээ. Тус бүрт нь дэлгэрэнгүй авч үзье.
Ажил хөдөлмөр. Судалгаанд оролцогчдын 59.9 хувь нь ажил хөдөлмөрийн сайн сайхан байдлаа сайн гэж үнэлсэн байна. Гэхдээ орлогын бүлгүүдийн хооронд ялгаа ажиглагджээ. Сард дөрвөн сая төгрөгөөс дээш орлоготой хүмүүсийн 75.5 хувь нь энэ үзүүлэлтээр сайн үнэлгээ өгсөн бол 792 мянган төгрөг хүртэлх орлоготой хүмүүсийн дунд уг үзүүлэлт 41.8 хувь байв.
Бие махбодын эрүүл мэнд. Оролцогчдын 24.2 хувь нь бие махбодын сайн сайхан байдлаа сайн, 54.2 хувь нь дунд, 21.6 хувь нь сул гэж үнэлжээ. Харин сарын орлого нь 792 мянган төгрөг хүртэлх хүмүүсийн ердөө 13.4 хувь нь сайн түвшинд үнэлсэн бол дөрвөн сая төгрөгөөс дээш орлоготой бүлэгт энэ үзүүлэлт 34.8 хувь болж өссөн байна.
Нийгмийн харилцаа. Арван хүн тутмын тав нь нийгмийн сайн сайхан байдлын хувьд дундаж түвшинд байна гэж үнэлэв. Харин бага орлоготой бүлгийн 12.7 хувь нь сайн түвшинд байна гэсэн бол дөрвөн сая төгрөгөөс дээш орлоготой хүмүүсийн дунд 37.3 хувь болж нэмэгдсэн байна.
Санхүүгийн байдал. Судалгаанд оролцогчдын 13.5 хувь нь санхүүгийн сайн сайхан байдлаа сайн, 37.42 хувь нь дунд, 49.07 хувь нь сул гэж үнэлжээ. Бараг хоёр хүн тутмын нэг нь санхүүгийн хувьд тааруу байгаагаа илэрхийлсэн гэсэн үг. Түүнчлэн 792 мянган төгрөг хүртэлх орлоготой хүмүүсийн 71.3 хувь нь санхүүгийн сайн сайхан байдлаа сул түвшинд гэж үзэв.
Сэтгэл зүй. Оролцогчдын 25.1 хувь нь сэтгэл зүйн сайн сайхан байдлын хувьд сул, 50.6 хувь нь дунд, 24.3 хувь нь сайн түвшинд байна. Харин сард 792 мянган төгрөг хүртэлх орлоготой хүмүүсийн 12.5 хувь нь сэтгэл зүйн сайн сайхан байдлаа сайн гэж үнэлсэн бол дөрвөн сая төгрөгөөс дээш орлоготой бүлэгт энэ үзүүлэлт 40.3 хувь болж өсжээ.
Судалгаанд оролцогчдын 40.6 хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун, 29 хувь нь дунд, 30.4 хувь нь сэтгэл ханамж багатай байв. Дөрвөн сая төгрөгөөс дээш орлоготой хүмүүсийн 23.4 хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун байсан бол 792 мянган төгрөг хүртэлх орлоготой бүлэгт энэ үзүүлэлт 10 хувь байжээ. Эдгээр тоо баримтаас харахад орлого бол зөвхөн худалдан авах чадварыг илэрхийлэх үзүүлэлт биш аж. Хүний эрүүл мэнддээ анхаарах боломж, нийгмийн харилцаа, сэтгэл зүйн байдал, амьдралдаа сэтгэл хангалуун байх мэдрэмжтэй зайлшгүй холбоотой байна. Мэдээж өндөр орлоготой хүн бүр аз жаргалтай, бага орлоготой хүн бүр аз жаргалгүй гэсэн үг биш. Гэхдээ санхүүгийн боломж хязгаарлагдах тусам сайн сайхан амьдрах нөхцөл хумигдах эрсдэл нэмэгдэж байгааг судалгааны үр дүн харуулж байна.
Монголчуудын сэтгэл ханамжийг юу үгүй хийж байна вэ?
Судалгаанд оролцогчдоос монголчуудын сайн сайхан байдалд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулахад эдийн засгийг 37.9 хувь, улс төрийг 26.1 хувь нь нэрлэжээ. Иргэд инфляц, орлого, ядуурал зэрэг эдийн засгийн асуудлаас гадна авлига, бодлогын алдаа, засаглалын асуудлыг амьдралын чанартайгаа холбон ойлгож байна. Санхүүгийн сайн сайхан байдлыг хүмүүс зөвхөн өндөр цалинтай байх гэж тодорхойлоогүй. Харин орлого нь амьдралын хэрэгцээнд хүрэлцэх, өр зээлгүй байх, хуримтлалтай болох, өдөр тутмын зардлаа санаа зоволтгүй даах, ирээдүйдээ итгэлтэй байх хэмээн тодорхойлжээ.
Амьдралын түвшин маш их ялгаатай байдаг. Сайн сайхан байдал муу байгаа юм шиг санагддаг. Маш их сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай, уур бухимдал ихтэй, амьдралдаа бусдыг буруутгасан, их стресстэй байдаг. Үйлчилгээний салбарт олон жил ажиллаж байгаа тул их анзаарагддаг. Гэхдээ амьдралын түвшин дээгүүр хүмүүс харьцангуй стресс багатай, бусдыг буруутгах хандлага багатай.
Хан-Уул дүүрэгт амьдардаг, 36 настай эмэгтэй
Эрүүл амьдрах орчин болох явган хүний зам, мод, агаар, хүнсний аюулгүй байдал хангагдсан, татварын дарамт бага, амьдрах орон сууц залуучуудад зориулсан нөхцөлтэй байхыг хэлнэ. Гэвч одоогийн нөхцөлд дээрх зүйлс мөрөөдөл шиг хол санагдаж байна. Бид энгийн нэг цалингийн зээлээ төлөхийн тулд байнга ажиллаж хоногийн хоолоо арай ядаж залгуулж байгааг харахад үнэхээр харамсалтай.
34 настай эмэгтэй, Баянгол дүүрэг
Мөнгө хүрэлцэхгүй бол амьдралын чанар ч доройтно
Мөнгө хүний амьдралын бүх асуудлыг шийдэж чадахгүй. Гэхдээ мөнгө хүрэлцэхгүй байх нь олон асуудлыг улам хүндрүүлдэг. Өр зээлээ төлөхийн тулд өдөр шөнөгүй ажиллах, хүүхдийнхээ хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байх, өвдсөн ч эмчилгээний зардлаа бодох, ирээдүйдээ зориулж хуримтлал үүсгэж чадахгүй байх нь хүний сэтгэл зүйд нөлөөлөх нь ойлгомжтой. Ийм нөхцөлд аз жаргалтай байж чадахгүй байгааг нь иргэдийн хувийн сонголт, хандлагаар тайлбарлахад учир дутагдалтай. Учир нь хүний сайн сайхан байдалд хувь хүний хичээл зүтгэлээс гадна цалин орлогын хүрэлцээ, амьдралын өртөг, ажлын нөхцөл, эрүүл орчин, төрийн бодлого зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
Тиймээс монголчуудын сайн сайхан байдлыг дээшлүүлэхийн тулд иргэдийн орлогыг нэмэгдүүлэхээс гадна цалин нь амьдралын бодит өртөгт хүрэлцдэг байх, өрхийн хуримтлал үүсгэх боломжийг нэмэгдүүлэх, ажлын орчныг сайжруулах, иргэдэд ээлтэй, эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх шаардлагатай.
Эцсийн дүндээ сайн сайхан амьдрал гэдэг нь сарын цалингаа аваад зээлээ төлөхөд дуусдаггүй, маргаашийнхаа тухай айдасгүй бодож, өөртөө болон гэр бүлдээ цаг гаргаж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж амьдрахыг хэлнэ. Харин монгол хүн хөдөлмөрлөсөн ч амьдрал нь дээрдэхгүй, олсон орлого нь өр зээлдээ шингэж, ирээдүй нь улам бүрхэг болсоор байвал бидний сайн сайхан байдлыг юу үгүй хийж байна вэ. Мөнгө л юм шиг санагдавч мөнгө нь хүрэлцэхгүй амьдрахад хүргэж буй нөхцөл байдал л юм.