
Монголын үндэсний спортын наадмыг 1998 онд Биеийн тамир, спортын үндэсний төвийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх санаачилж анхны наадмыг зохион байгуулж байжээ. Өдгөө найм дахь удаагаа болох Монголын үндэсний спортын наадмын өвлийн төрөл (мөсөн шагай, мөсөн сур харваа)-ийн шигшээ тэмцээн нэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд болно. Наадмыг Хандгайт дахь мөсөн гулгуурын талбай болон Цонжин болдог дахь “Уухайн дуу” амралтын бааз гэсэн хоёр газарт зохион байгуулахаар болжээ.
Дөрвөн жил тутамд болж буй тус наадмын энэ жилийн шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 600 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.
Монголын үндэсний спортын өвлийн наадмын отгон тэмцээний үеэр Ц.Мөнхбаатарт улсын мэргэн, Б.Цогбадрахад хошой мэргэн цол олгосон бол дархан мэргэн Д.Ууганбаярт үлэмж чимэг хүртээж байв.
Үндэсний спортын дэг ёс, заншилыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ энэ бөгөөд үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой наадам юм.