
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо сүүлийн 18 сарын хугацаанд 900 гаруй хүнийг хохироосон кибер халдлагын сүлжээг илрүүлжээ.
Умард Солонгосын төрийн дэмжлэгтэй хакерууд хуурамч видео дуудлага ашиглан хүмүүсийн хувийн мэдээлэлд нэвтрэн 400 сая гаруй ам.долларын үнэ бүхий криптовалют хулгайлсан байна. Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр FaceStealer нэртэй энэхүү ажиллагаанд сүүлийн 18 сарын хугацаанд 900 гаруй хүн өртжээ.
ХМТ-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын захирал Бретт Литерманы хэлснээр их хэмжээний криптовалют хулгайлах замаар хууль бус зэвсгийн хөтөлбөрөө санхүүжүүлдэг Умард Солонгосын дэглэм сүүлийн жилүүдэд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө завшсан аж.
FaceStealer ажиллагаа нь криптовалют болон Web3 салбарт ажилладаг хүмүүс, ялангуяа нээлттэй эхийн программ хангамж хөгжүүлдэг мэргэжилтнүүдийг голлон онилдог байна. Хакерууд хуурамч сошиал хаягаар дамжуулан Zoom, Microsoft Teams, Google Meet-ийн дуураймал платформд видео уулзалтын урилга илгээдэг. Ингэхдээ хохирогчийн таньдаг хүний өмнө нь бичигдсэн дүрс бичлэгийг ашиглан жинхэнэ хүнтэй ярилцаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Улмаар дууны асуудал гарсан мэтээр дүр эсгэж, түүнийг засах холбоос дээр дарахыг хүсдэг байна. Харин уг холбоосоор дамжуулан хохирогчийн төхөөрөмжид хортой программ суулгадаг ажээ.
Ингэснээр хакерууд төхөөрөмж дэх харилцагчдын жагсаалт болон бусад аппликейшнд нэвтэрч, дараагийн хохирогчдоо олдог. Түүнчлэн видео уулзалтуудыг нууцаар бичиж, бичлэгийг нь шинэ халдлагад ашигладаг гэж АНУ-ын эрх баригчид анхааруулжээ.
Холбооны мөрдөх товчоо энэ аргыг технологийн өндөр мэдлэгтэй, цахим аюулгүй байдлаа сайн хамгаалдаг хүмүүсийг ч хуурч чадахуйц үр дүнтэй нийгмийн инженерчлэлийн халдлага хэмээн тодорхойлсон юм.