
2025 онд Тайванийн гол дэд бүтэц буюу эмнэлэг, банк зэргийг онилсон Хятадын кибер халдлагын тоо өмнөх оноос 6 хувиар өсөж, өдөрт дунджаар 2.63 сая халдлагад хүрсэн гэж тус арлын Үндэсний аюулгүй байдлын товчоо (National Security Bureau) мэдэгдлээ. Зарим халдлага нь цэргийн сургуулилалттай давхцан явагдсан нь Тайванийн арлын зөөлөн дэд бүтцийг саажилтад оруулах зорилготой “холимог аюул” (hybrid threats)-ын нэг хэсэг гэж тайланд дурджээ.
Харин Хятад улс кибер халдлага явуулсан гэдгээ үгүйсгэж байгаа аж. Сүүлийн жилүүдэд Тайвань Хятад улс “холимог дайн” явуулж байна хэмээн гомдол гаргасаар ирсэн. Үүнд арлын ойролцоо өдөр тутмын цэргийн сургуулилалт хийх, ташаа мэдээллийн кампанит ажил өрнүүлэх, кибер халдлага үйлдэх зэрэг багтдаг. Бээжин ардчилсан тогтолцоотой Тайванийг өөрийн бүрэн эрхт нутаг дэвсгэр гэж үзэх байр сууриа тулган хүлээлгэхийн тулд цэрэг, улс төрийн дарамтаа нэмэгдүүлж байна гэж Тайбэй үздэг.
Ням гараг (2025.01.04)-т нийтлэгдсэн Үндэсний аюулгүй байдлын товчооны тайланд дурдсанаар, 2025 онд өдөр тутмын дундаж халдлагын тоо 2023 оныхоос 113 хувиар өссөн байна. Тухайн товчоо ийм төрлийн өгөгдлийг анх удаа нийтэлж эхэлжээ. Эрчим хүч, аврах алба, эмнэлгийн салбаруудад хийгдсэн кибер халдлага хамгийн их өсөлттэй байв. “Энэ хандлага нь Хятад улс Тайванийн амин чухал дэд бүтцийг бүхэлд нь сулруулах, засгийн газар болон нийгмийн үйл ажиллагааг тасалдуулах эсвэл саажилтад оруулах санаатай оролдлого хийж байгааг илтгэнэ” гэж тайланд онцолжээ. Товчооны мэдээлснээр, Хятадын “кибер арми” нь цэргийн болон улс төрийн шахалттай уялдуулан ажиллагаагаа цаг товлон явуулдаг. Тухайлбал, Хятад Тайванийн ойролцоо цэргийн нисэх онгоц, усан онгоц илгээсэн “хамтарсан байлдааны бэлэн байдлын эргүүл”-ийг 40 удаа явуулах үед кибер халдлагын 23 тохиолдол гарч, эрчимжсэн байна. Мөн улс төрийн эмзэг мөчүүдэд, тухайлбал Ерөнхийлөгч Лай Чин-дэ тавдугаар сард албан тушаалдаа орсноос хойших нэг жилийн ойд зориулсан илтгэл тавих үеэр, мөн Арван нэгдүгээр сард Дэд ерөнхийлөгч Сяо Би-хим Европын парламент дахь хууль тогтоогчидтой уулзах үеэр Хятадын хакерын идэвх нэмэгдсэн гэж тайланд дурджээ.
“Хятадын алхмууд нь энх цаг болон дайны нөхцөлд аль алинд нь Тайванийн эсрэг холимог аюул ашиглах стратегийн хэрэгцээтэй нь нийцэж байна” гэж тайланд бичсэн байна. Хятадын Тайванийн асуудал эрхэлсэн алба тайлбар өгөх хүсэлтэд хариу ирүүлээгүй байна. Харин Хятад улс кибер халдлагад оролцсон гэдгээ тогтмол үгүйсгэдэг. Бээжин Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд арлыг өөрийн хяналтад оруулахын тулд хүч хэрэглэхийг үгүйсгээгүй. Харин Тайбэй Хятадын бүрэн эрхт байдлын нэхэмжлэлийг эрс эсэргүүцэж, ирээдүйгээ зөвхөн Тайванийн ард түмэн өөрсдөө шийднэ гэж мэдэгддэг.
Тайванийн тайланд дурдсанаар, Хятадын халдлагад өдөр тутмын амьдралыг тасалдуулах зорилготой үйлчилгээ саатуулах (DDoS) халдлага, мөн мэдээлэл хулгайлах, харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх “дундын этгээдийн халдлага” (man-in-the-middle) зэрэг багтжээ. Мөн Тайванийн хагас дамжуулагчийн салбарын гол тулгуур болсон шинжлэх компаниуд байрладаг шинжлэх ухааны паркууд ч мөн адил гол бай болж, халдагчид дэвшилтэт технологи хулгайлахын тулд олон төрлийн арга барил ашиглаж иржээ. Тус тайланд дурдсанаар, энэхүү алхам нь Хятадын технологийн бие даасан байдал болон эдийн засгийн хөгжлийг дэмжих, мөн АНУ–Хятадын технологийн өрсөлдөөнд Хятад улсыг сул дорой байдалд оруулахгүй байх зорилготой оролдлого юм гэжээ.