
АНУ, Канад, Мехсик гэсэн гурван улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн зургаан эрхийн дөрөв нь Европ тивээс тодорлоо.
Өнгөрсөн шөнө болсон сүүлийн ганц тоглолтод Босни, Швед, Чех, Туркийн багууд ялалт байгуулж 48 багт нэгдэж чадлаа. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Итали, Польш, Дани, Косовогийн шигшээ багууд өнжихөөр боллоо.
БОСНИ – ИТАЛИ 1:1 /4:1/
Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг гурав дараалан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарч чадсангүй. Хоёр багийн тоглолт 1:1-ээр тэнцэж торгуулийн цохилтоор ялагч тодорсон. Боснигийн шигшээ баг илүү байж 4:1-ээр хожиж эхний эрхийг авлаа. Ингэснээр Босни шигшээ баг 12 жилийн дараа дахин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор боллоо.
ШВЕД – ПОЛЬШ 3:2
Шведийн шигшээ багийн найман жилийн дараа дахин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тоглох эрхтэй боллоо. Өөрийн талбайдаа тоглосон Шведийн шигшээ баг тоглолтыг 3:2-оор дуусгаж хоёр дахь эрхийг халаасалсан. Гёкереш багтаа дахин хожлын гоолыг хийлээ. Дөрвөн жилийн өмнө Польшийн шигшээ багт хожигдож өмнөх тэмцээнийг өнжиж байсан Шведүүд энэ удаа хариугаа хүчтэй авлаа.
КОСОВО – ТУРК 0-1
Туркийн шигшээ баг Румынийн багийг хожиж сүүлийн ганц тоглолтод тоглох эрхтэй болсон. Харин тэдний дараагийн өрсөлдөгч Косово байв. Гэвч энэ тоглолт Туркийн шигшээ багийн ялалтаар өндөрлөж, тэд гурав дахь эрхийг авлаа. Актуркоглугийн цорын ганц гоол 48 багт нэгдэх эрхийг өглөө.
2002 онд БНСУ, Японд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Туркийн шигшээ багийн 2006, 2010, 2014, 2018, 2022 оны тэмцээнийг өнжсөн. Гэвч тэд 24 жилийн дараа дахин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
ЧЕХ – ДАНИ 2-2/3:1/
Европ тивийн дөрөв дэх эрхийн төлөөх сүүлийн тоглолт талбайн эзэн Чехийн шигшээ багт давуу байдлыг авчирлаа. Өөрийн талбайдаа тоглосон Чехүүд тоглолтыг 2:2-оор тэнцүүлж торгуулийн цохилтоор ялагч тодрох болсон. Энэ талбайн эздэд давуу байж 3:1-ээр өрсөлдөгчөө буулган авснаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорих эрхтэй боллоо. 2010, 2014, 2018, 2022 оны тэмцээнийг өнжсөн Чехийн шигшээ баг энэ удаа анх удаа өрсөлдөх 48 багт нэгдэж чадлаа.
Өнөөдөр тив хоорондын хоёр тоглолт болж, үлдсэн зургаан эрх бүрэн тодорно. Азийн төлөөлөл Ирак Боливитой бол Ардчилсан Конго Ямайктай таараад байгаа.


