
АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан явдалд дэлхийн улс орнуудын удирдагчид дэмжиж, эсэргүүцсэн байр суурь илэрхийллээ.
Бямба гарагт Венесуэлд хийсэн өргөн хүрээтэй цэргийн цохилтын дараа Мадуро болон түүний эхнэрийг АНУ-ын цэргүүд баривчилж, улсаас гаргасан байна. Тэд Нью-Йорк хотод хар тамхитай холбоотой хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдсан.
Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер түүний засгийн газар Мадурогийн дэглэмийн төгсгөлд “нулимс унагахгүй” гэж хэлжээ. Харин Латин Америкийн хөрш орнууд, мөн Венесуэлийн олон жилийн холбоотон Орос, Хятад улсууд АНУ-ын үйлдлийг эрс буруутгав. Хятад улс “бие даасан улсын болон түүний ерөнхийлөгчийн эсрэг хүч хэрэглэсэнд цочирдож, энэхүү үйлдлийг нь буруутгаж байна” гэж мэдэгдсэн бол Орос АНУ-ыг “зэвсэгт түрэмгийлэл үйлдсэн” хэмээн буруутгалаа.
Иран улсын эрх баригчид өөрийн орны эсрэг АНУ оролцоно гэсэн Трампын мэдэгдлээс үүдэн хурцадмал байдалд байгаа бөгөөд уг цохилтыг “үндэсний бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн үйлдэл” гэж нэрлэв. Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва X сүлжээнд “Энэ бол хүлээн зөвшөөрөхийн аргагүй, шугамыг давсан явдал” гээд, “олон улсын хуулийг илт зөрчин улс орнууд руу довтлох нь хүчирхийлэл, эмх замбараагүй байдал, тогтворгүй байдлын ертөнц рүү хөтөлнө” гэж бичжээ.
Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро уг цохилтыг Латин Америкийн бүрэн эрхт байдалд халдсан хэрэг гэж нэрлэсэн бол Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борич “санаа зовниж, буруутгаж байна” хэмээгээд, улсыг хамарсан ноцтой хямралыг энхийн замаар шийдэхийг уриалжээ. Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель АНУ-ыг гэмт халдлага үйлдлээ гэж буруутгасан бол Уругвай улс албан мэдэгдэлдээ нөхцөл байдлыг “анхааралтай, санаа зовнилтой” ажиглаж байгаа бөгөөд цэргийн оролцоог үргэлж няцаана гэжээ.
Венесуэлийн Дотоод хэргийн сайд Диосдадо Кабельо иргэдэд тайван байж, улсынхаа эрх баригчид болон армид итгэхийг уриалж, “энэ халдлагын талаар дэлхий нийт дуугарах хэрэгтэй” гэснийг Ройтерс агентлаг иш татжээ.
Харин Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей Трампыг “хамгийн дуртай ерөнхийлөгч”-өөрөө нэрлэж, олон нийтийн сүлжээнд “эрх чөлөө мөнх оршиг” гэж бичсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд сэр Кейр Стармер АНУ-ын цэргийн ажиллагаа олон улсын хуулийг зөрчсөн эсэх асуултад тодорхой хариу өгөхөөс зайлсхийв. Тэрээр BBC-ийн Sunday with Laura Kuenssberg нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа цохилтыг буруутгаагүй бөгөөд “бүх баримтыг тогтоохыг хүлээж байна, гэхдээ энэ асуудлаас зугтахгүй гээд өөрийгөө олон улсын хуулийг дэмжигч” гэж хэлжээ. Их Британи уг ажиллагаанд оролцоогүй бөгөөд Стармер Трамптай энэ талаар ярилцаагүй гэдгээ мэдэгдсэн. Тэрээр X-д “Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг тусгасан хууль ёсны засгийн газар руу аюулгүй, тайван шилжилт хийхийн төлөө АНУ-ын талтай ойрын өдрүүдэд хэлэлцэнэ” гэж нийтэлжээ.
Европын Холбооны гадаад бодлогын дээд төлөөлөгч Кая Каллас Мадуро хууль ёсны байдалгүй, эрх мэдлийн шилжилт энхийн замаар явагдах ёстой, мөн олон улсын хуулийн зарчмуудыг хүндэтгэх шаардлагатай гэсэн ЕХ-ны байр суурийг дахин нотлов.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон X-д “эрх мэдлийн шилжилт нь энх тайванч, ардчилсан, Венесуэлийн ард түмний хүсэл зоригт нийцсэн байх ёстой” гэж бичээд, 2024 оны сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигч Гонсалес уг шилжилтийг хангаж чадна гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Германы канцлер Фридрих Мерц АНУ-ын ажиллагааны хууль ёсны байдал “нарийн төвөгтэй” гэж хэлээд, олон улсын хууль ерөнхийдөө үйлчлэх ёстойг онцлон, “Венесуэлд улс төрийн тогтворгүй байдал үүсэх ёсгүй” гэж анхааруулав.
Тэгвэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш олон улсын хуулийн дүрмүүдийг үл хэрэгсэх болсонд “гүнээ санаа зовниж байгаа” гэдгийг төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэж, уг цохилтыг “аюултай жишиг тогтоолоо” гэж тодорхойлов.
АНУ-д Ардчилсан намын Сенатын цөөнхийн удирдагч Чак Шумер “Мадуро бол хууль бус дарангуйлагч гэдэг нь тодорхой. Гэвч Конгрессын зөвшөөрөлгүй, дараагийн алхмын тодорхой төлөвлөгөөгүйгээр цэргийн ажиллагаа эхлүүлэх нь бодлогогүй хэрэг” гэж мэдэгдлээ.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Трампад “эрх чөлөө, шударга ёсны төлөөх зоригтой, түүхэн манлайлал”-д нь баяр хүргэжээ. Канадын Гадаад хэргийн сайд Анита Ананд “Канад бүх талд олон улсын хуулийг хүндэтгэхийг уриалж, Венесуэлийн ард түмний энх тайван, ардчилсан нийгэмд амьдрах хүсэл зоригийг дэмжинэ” гэж мэдэгдэн, олон улсын түншүүдтэй хамтран ажиллаж байгаагаа хэлэв.
Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде “олон улсын хууль бол бүх улсад нийтлэг, заавал мөрдөх ёстой хууль. Харин АНУ-ын Венесуэлд хийсэн зүйл олон улсын хуульд нийцэхгүй” гэж дүгнэжээ.