
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Францын гудамжинд дэгдсэн үймээн, дээрэм тонуулаас үүдэн Европын либерал үзэл санааны тулгуур болох нээлттэй нийгэм, соёлын олон янз байдал, хүлээцтэй байдлын зарчим урьд өмнөхөөсөө бэрх сорилттой тулгарлаа.
Цагаачлалын бодлогыг шүүмжлэгчид үүнийг олон арван жилийн алдааны үр дагавар гэж үзэж байгаа бол нөгөө тал нь эдийн засгийн доройтол, нийгмийн тэгш бус байдал, улс төрийн туйлшралыг гол шалтгаан хэмээн тайлбарлаж буй. Аль нь ч бай бодит байдал дээр Европын нийгмийн эв нэгдэл, төрд итгэх итгэл, либерал ардчиллын ирээдүйг тойрсон эргэлзээ улам гүнзгийрч байгаа нь үнэн билээ.
Парисын нэгэн дэлгүүрийн үүдэнд дунд эргэм насны эмэгтэй нүүрээ халхалсан тонуулчдын өөдөөс дээрмээ зогсоохыг шаардан цөхрөнгөө барж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. Ирландын Irish Daily Mail сонины нийтлэлч Бренда Пауэр уг эмэгтэйг Францын либерал нийгмийн хямралын бэлгэ тэмдэг болгон дүрсэлжээ. Түүний тайлбарласнаар олон соёлт нийгэм, цагаачлал, хүлээцтэй байдлын үзэл санааг хамгаалж ирсэн Европын чинээлэг, боловсролтой давхарга өөрсдийн төсөөлж байгаагүй бодит үнэнтэй ийнхүү нүүр тулжээ. Францын үймээн уг нь цагаачлалын эсрэг хөдөлгөөнөөс эхлээгүй. Боловсролын салбарын доройтол, амьжиргааны өртөгийн хямралын эсрэг сурагч, оюутнуудын жагсаалд үйлдвэрчний эвлэлүүд, өмнөх жилүүдийн “Шар хантаазтан” хөдөлгөөн хүч нэмснээр Франц даяар 550 мянган хүн гудамжинд гарчээ. Гэвч тайван жагсаалын зэрэгцээ бие даасан бүлгүүд дэлгүүр тонон дээрэмдэж, автомашин шатааж, төрийн байгууллагын барилга руу халдсанаар Францын хотууд хүчирхийллийн талбар болж хувирсан юм. Эндээс нийгмийн бухимдал зөвхөн эдийн засгийн шаардлагаар хязгаарлагдахаа больж, төрийн эрх мэдэл, түүний бэлгэдлийг эсэргүүцэх хэлбэрт шилжсэнийг харж болно.
Парисын гудамжинд эсэргүүцлийн гал дүрэлзэж байхад АНУ, ОХУ уг үйл явдлыг гайхмаар төстэй үгээр тайлбарласан. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 18-нд Truth Social сүлжээндээ Франц шатаж байна хэмээн бичиж, Европын орнууд хилээ хааж, хяналтаа сэргээх ёстойг анхааруулжээ.
Түүний тайлбарласнаар Францын хүчирхийллийн үндсэн шалтгаан нь хяналтгүй цагаачлал аж. Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс ч барууны либералууд олон янз байдал, энэрэнгүй үзлийн нэрийн дор өөр соёлын хүмүүсийг олноор нь хүлээн авч, тэднийг нийгэмдээ уусгах асуудлыг үл тоомсорлосон хэмээн шүүмжилсэн. Тэгвэл Владимир Путиний тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев Францад болж буй үйл явдлыг цагаачлалын эмх замбараагүй байдлаас үүдэлтэй барууны соёл иргэншлийн өөрийгөө сүйтгэх үйл явц хэмээн тодорхойлжээ. Тэрээр цагаачлалын бодлогоос гадна Оросын эсрэг хориг, эрчим хүчний бодлогын алдааг Европын доройтлын шалтгаан гэж үзэж буй. Европын улс орнууд олон арван жилийн турш хүн амын хөгшрөлт, ажиллах хүчний хомсдол, эдийн засгийн өсөлтийн хэрэгцээг цагаачлалаар нөхөхийг оролдож ирсэн. Үүний зэрэгцээ хүний эрх, дүрвэгсдийг хамгаалах олон улсын үүрэг, соёлын олон янз байдлыг дэмжих бодлого нь Европын интеграцын чухал хэсэг болсон юм. Цагаачлалыг хүмүүнлэгийн үүрэг гэж үзэх нь зүйн хэрэг ч өөр хэл, шашин, соёл, нийгмийн дадалтай хүмүүсийг нэг улсын иргэний нийтлэг үнэт зүйлд нэгтгэх нь огт өөр сорилт ажээ.


Европын цагаачлалын бодлогын зөрчил нэг өдрийн дотор үүсээгүй. Дэлхийн II дайны дараа Баруун Европын орнууд эдийн засгаа сэргээхийн тулд гадаадаас ажиллах хүч татаж эхэлсэн. Герман Туркээс, Франц Хойд Африкаас, Их Британи хуучин колониудаасаа ажилчид хүлээн авч, анх түр хугацааны ажиллах хүч гэж тооцож байсан хүмүүс суурьшин амьдарч, дараагийн үе нь тухайн улсын иргэд болон өсөж өндийсөн юм. Франц иргэний нийтлэг үнэт зүйл, шашнаас ангид төрийн зарчмыг баримталж, угсаа гарал үл харгалзан бүгдийг Бүгд найрамдах улсын иргэн гэж үзэхийг зорьдог. Харин Их Британи олон соёлт нийгмийн загварт илүү түшиглэж, угсаатны болон шашны бүлгүүдийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх хандлагатай. Герман цагаачдыг түр хугацааны ажиллах хүч гэж үзэж ирсэн ойлголтоосоо аажмаар татгалзаж, цагаачлалын улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Эдгээр загвар тус бүр амжилт хийгээд алдаа дагуулсан билээ. Францад иргэний эрх тэгш байдлыг тунхагладаг ч цагаач гаралтай иргэдийн хөдөлмөр эрхлэлт, орон сууц, боловсролын боломжийн ялгаа арилаагүй. Их Британид соёлын олон янз байдлыг хамгаалах бодлого зарим тохиолдолд нийгмийн бүлгүүдийн тусгаарлагдмал байдлыг багасгаж чадсангүй. Германд хэлний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж интеграцын гол шалгуур хэвээр байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Европын Комиссын 2023 оны хамтарсан судалгаа цагаачид, тэдний хүүхдүүдийн нийгэмд нэгдэх үйл явц улс орон бүрд харилцан адилгүй байгааг харуулсан.
Европын холбоонд 2024 онд цагаачдын хөдөлмөр эрхлэлтийн түвшин 67.9 хувь байсан бол ажилгүйдлийн түвшин 9.6 хувь байв. сүүлийн таван жилээс бага хугацаанд ирсэн цагаачдын ажил эрхлэлтийн түвшин 57.8 хувь байгаа нь тухайн улсад тав ба түүнээс дээш жил амьдарсан цагаачдын 70.4 хувиас мэдэгдэхүйц доогуур үзүүлэлт.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)
Европын либерал улс төрийн нэг томоохон бэрхшээл эндээс эхэлдэг. Хүмүүсийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх нь ардчилсан нийгмийн зарчим мөн боловч тэдгээрийг нэгтгэх нийтлэг дүрэм, иргэний хариуцлага, хууль ёсны шаардлага зайлшгүй хэрэгтэй.

Европын цагаачлалын тухай улс төрийн маргаан улам ширүүсэж байгаа ч бодит тоо баримт илүү төвөгтэй дүр зураг харуулна.
Францын Үндэсний статистик, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр 2025 онд тус улсад 7.97 сая цагаач амьдарч байсан нь нийт хүн амын 11.6 хувь юм. Евростатын мэдээлснээр 2025 онд Европын холбооны орнуудад анх удаа орогнол хүссэн хүний тоо 669.4 мянгад хүрсэн нь өмнөх оноос 27 хувиар буурсан үзүүлэлт. 2026 оны зургаадугаар сард орогнол хүссэн 37 мянга гаруй хүн бүртгэгдсэн нь 2025 оны мөн үеэс даруй 29 хувиар буурчээ.
Францын төсвийн алдагдал ДНБ-ий 5.4 хувь, улсын өр 119 хувьд хүрсэн нь нийгмийн шаардлагыг төсвийн нэмэлт зардлаар шийдвэрлэх боломжийг хязгаарлаж байна.
Financial Times
Ялангуяа эдийн засгийн өсөлт саарч, орон сууцны үнэ өсөн төрийн үйлчилгээ доройтож байгаа үед цагаачлалын асуудал нийгмийн бухимдлыг өдөөх улс төрийн сэдэв болох нь гарцаагүй. Хүний эрхийг хамгаалах, дүрвэгсдэд туслах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ улсынхаа хил, хууль, нийтийн үйлчилгээний тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ?
Францын аравдугаар сарын үйл явдал цагаачлалын асуудлаас гадна улс төрийн хямралыг зад татав.
Эмманюэль Макрон 2017 онд Францын улс төрд гарч ирэхдээ уламжлалт баруун, зүүний хуваагдлыг даван гарсан шинэ төвийг байгуулахыг зорьсон. Тэрээр Европын интеграц, эдийн засгийн шинэчлэл, либерал ардчиллыг хамгаалах үзэл санааг нэгтгэсэн улс төрийн төсөл дэвшүүлсэн юм.
Гэвч арван жилийн дараа энэ загвар ноцтой сорилттой тулгарч Францын улс төрд радикал баруун болон зүүний хүчнүүдийн хоорондын тэмцэл улам ширүүссэн байна. Le Monde сонины аравдугаар сарын 19-нд гаргасан дүн шинжилгээнд Францын улс төрийн тогтолцоонд сүүлийн арван жилд гарсан өөрчлөлт нь нийгмийн зөрчлийг зөвшилцлөөр шийдвэрлэхээс илүү сөргөлдөөний хэлбэрт оруулсан гэж тайлбарлажээ. Энэ нөхцөл байдал Францын хэт барууны улс төрийн хүчнүүдэд цагаачлал, аюулгүй байдал, үндэсний онцлогийн асуудлыг дахин гол уриа болгон дэврээх боломж олгожээ. Марин Ле Пен, Жордан Барделла нарын Үндэсний нэгдэл нам олон жилийн турш цагаачлалын хязгаарлалт, хууль сахиулах байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, үндэсний бүрэн эрхт байдлыг хамгаалах асуудлыг дэвшүүлж ирсэн.
Францын жишээ Европын бусад оронд ч сургамжтай. Төвийн намууд нийгмийн бухимдлыг бодлогын түвшинд шийдвэрлэж чадахгүй үед радикал хүчнүүд илүү энгийн, хурц тайлбар санал болгодог жишгээр бүхий л бэрхшээлийн золионд нэг дайсан цохож нэрлэх нь улс төрийн хувьд ойлгомжтой, сонгогчдод хүрэхэд хялбар аж. Гэтэл Европын либерал мөрөөдөл зөвхөн хилээ нээж, цагаачдыг хүлээн авах тухай байгаагүй билээ. Дэлхийн II дайны сүйрлээс төрсөн энэ төсөл үндсэрхэг үзлийн сөргөлдөөнийг даван гарч, хууль дээдлэх ёс, хүний эрх, эдийн засгийн харилцан хамаарал, улс төрийн зөвшилцөлд тулгуурласан тогтвортой нийгэм байгуулах зорилготой байв.
Европын интеграцын амжилт ч үүнийг тодорхой хэмжээнд баталсан. Хүмүүсийн амьдрал сайжирч, ирээдүйдээ итгэлтэй байгаа үед нийгмийн өөрчлөлтийг хүлээн авах нь харьцангуй хялбар. Харин орлого хүрэлцэхгүй, орон сууц хомсхон, сургууль, эмнэлгийн үйлчилгээ доройтох ахуйд нийгмийн ялгаатай байдал өрсөлдөөн, үл итгэлцэл болж хувирах эрсдэлтэйг өнгөрсөн өдрүүдэд Парис, Милан, Барселона тэргүүтэй Европын томоохон хотуудад өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн тодорхой харууллаа.