
БНХАУ-тай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох, нүүрс худалдах, Тавантолгойн ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрт хоёр улсын Ерөнхий сайд гарын үсэг зурах ёслол Харбинд болсон. Тиймээс үүнийг Харбины гэрээ хэмээн нэрлээд байгаа юм. Нүүрсээ хэт хямдхан үнээр худалдан гэрээ байгууллаа хэмээн УИХ-ын зарим гишүүд шүүмжилж эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар уг асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж хяналтын сонсгол хийх тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн. Уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн. Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Харбины гэрээтэй холбоотой асуудлаар түр хороо байгуулах тогтоолын төслийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд тав хоногийн завсарлага авсан. Хаврын чуулган нээгдэхтэй зэрэгцээд завсарлагын хугацаа нь дууссан. Гэтэл өнөөдөр хэлэлцэх гэж байна. Энэ гэрээний ард маш их нууц бий. Оюутолгойн асууудлаар хяналтын сонсгол хийсэн шиг Харбины гэрээгээр хяналтын сонсол хийх хэрэгтэй. Өнөөдөр түр хороо байгуулж, хяналтын сонсгол хийх эсэхээр санал хураалт явуулахад хэн ямар санал өгөхийг харцгаая.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: -Энэ гэрээ ил тод байх ёстой. Гэрээг сайжруулах боломжийг нээх ёстой. Байгалийн баялгаа хэрхэн ашиглах тухай иргэд мэдэх хэрэгтэй. Мэдэх гэхээр БНХАУ-ын талаас зөвшөөрөл авах шаардлагатай болчихоод байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: -Нүүрсээ сорчилж худалдахгүй шүү гэдгийг гэрээнд тусгуулсан. Энэ заалт хэрэгжиж байгаа эсэхээс эхлээд мэдэх ёстой олон асуудал бий. Хяналтын сонсгол хийх болохгүй шалтгаан олж харахгүй байна. Нуух ямар ч шаардлага байхгүй.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: -Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудал дуншсаар өнөөдөр байгуулах эсэхээр санал хураалт явуулах гэж байна. Асуудал байгаа бол гэрээг эртхэн засаж сайжруулах шаардлагатай.