
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Хүний эрхийн үндэсний комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо (цаашид “Хороо” гэх) ажиллахаар тусгасан байна.
Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт “Хорооны гишүүн улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын холбогдох зохицуулалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр болжээ. Дунд суудлын хуралдаан есдүгээр сарын 11-ний 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.