
Индонезийн Ветар арал дахь Хукнаурын хадат хоргодох газраас ойролцоогоор 4000 жилийн настай, улаан өнгийн хээ дүрслэлтэй чулуун хавтан олджээ. Уг олдвор нь Номхон далайн баруун хэсэгт тархсан Австронезийн уламжлалт хадны зургийн соёлтой холбоотой болохыг археологичид тогтоосон байна.
Чулуун дээр төвлөрсөн дугуй хэлбэрийн хээ болон нарны цацраг мэт дүрслэл сийлж, улаан өнгөөр будсан байжээ. Ийм төрлийн дүрслэл өмнө нь ихэвчлэн агуйн хананд үлдсэн байдлаар олддог байсан бол энэ удаагийн олдвор нь авч явах боломжтой чулуун эдлэл гэдгээрээ онцлог юм.
Судлаачдын таамаглаж буйгаар эртний далайчид уг хавтанг хамгаалалтын бэлгэдэл болгон авч явдаг, эсвээс овог аймаг, хамтын нийгэмлэгийнхээ таних тэмдэг болгон ашигладаг байсан байж болзошгүй аж.