
Хүн төрөлхтний спортын баяр наадам хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 8 хоног үлджээ.
Хамгийн олон хоног үргэлжлэхдээ дэлхийн сая сая фанатуудыг татдаг “World Cup” ирэх долоо хоногийн пүрэв гарагт нээлтээ хийнэ. Дөрөвхөн жилийн өмнө Ойрхи Дорнодод Арабын хойгт болсон “Катар 2022” наадмаас хойш хөлбөмбөгийн ертөнц дэх дуулиан Өмнөд Америкийг онилсон юм. Зарим нутагт өвөл ч болдог арваннэгдүгээр сард дэлхийн шилдэг тоглогчид цугларсан Катарын тоглолтууд ДАШТ-ий түүхэнд онцлог болж үлдсэн. Байгалийн нөөц, газрын тосоороо гайхагддаг Катарт дэлхийн шилдэг хөлбөмбөгчид очиж түүх бүтээж байв. Хөлбөмбөгийн фанатуудад ч газар нутгийн онцлог, халуун орны уур амьсгал, исламын шашинтнуудын хориглосон хориг гээд давж гарах олон шалтгаанууд гарч байлаа. Энэ хэрээр Катарт очсон хөгжөөн дэмжигч бүр нэгэн содон дурсамжтай буцаж байв. Мөн сүүлийн 32 баг өрсөлдөх ДАШТ гэдгээрээ ч энэ тоглолтууд анхаарлын төвд үлдсэн. Тэгвэл 8 хоногийн дараа Хойд Америкийн бүс нутагт хөлбөмбөгийн алдартнууд цугларна. Энэ удаа 48 багийн бүрэлдэхүүн очих болсноороо дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн хорхойг хүргэж буй.

Ойрхи Дорнодод үүссэн хурцадмал асуудлын улмаас Ази тивийн шилдэг багийн нэг Ираны шигшээ багийн асуудал анхаарал татаж байв. Энэ асуудлыг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос эцсийн байдлаар шийдлээ. Ираны багийн ДАШТ-д тоглох нь эргэлзээтэй байсан ч тэд эрхээ авсны дагуу тэмцээнээ эхлүүлэхээр болов. Ираны баг Мексикт байрлаж бэлтгэлээ хийхээр болсон. АНУ-д 39 баг байрлаж бэлтгэлээ хийх бол Иран, Өмнөд Солонгос, Өмнөд Африк, Тунис, Уругвай, Колумбийн багууд Мексикт байрлах зохицуулалт хийжээ. Ираны шигшээ баг Белги, Египет, Шинэ Зеландтай G хэсэгт багтсан юм. Азийн багаас өндөр амжилт гаргах багийн нэгээр Ираны шигшээг нэрлэж байгаа. Тэд эрхээ авч чадсан учраас тэднийг тоглуулах болно гэж ФИФА-гаас мэдэгдэж байв. Тэгвэл Ираны тоглолтын өмнөх бэлтгэлийг Мексикт болгосноор байдлыг эерэг талд авчирлаа.

ДАШТ-д тоглох 48 багаас хамгийн их анхаарал татаж буй нь Бразилын шигшээ баг. Хамгийн олон удаа дэлхийн аварга буюу таван цомтой Бразилын шигшээ багт энэ удаа 34 настай Неймар багтсан нь хөлбөмбөг сонирхогчдын бахархлыг төрүүлээд байна. Энэ удаа Бразилын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Карло Анчелотти түүний нэрийг дуудсан нь ДАШТ эхлэхээс өмнөх баярлууштай мэдээлэл байлаа. Неймарын нэрийг сонссон дэлхийн сая сая хөгжөөн дэвжигчид өөрсдийн талархлын сэтгэгдлээ илэрхийлсэн нь тэмцээний өмнө олны хүлээлтийг биелүүлсэн үйл явдал болов. Учир нь Неймар бэртлийн улмаас шигшээ багийн урьдчилсан цугларалтад гараагүй байсан юм. Бразилын шигшээ баг Марокко, Хаити, Шотландын багтай С хэсэгт багтсан.
АНУ, Канад, Мексикт болох ДАШТ-ий үеэр ч Монголын хөлбөмбөгт онцлох үйл явдал болж байна. 23 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-д Монгол Улсаас гэрэл зурагчин Ч.Ганбат ажиллахаар боллоо. Өмнө нь манай сэтгүүлчдээс “Таван цагариг” сонины сурвалжлагч Ц.Энхтүвшин анх удаа ДАШТ-д ажиллаж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа гэрэл зурагчин Ч.Ганбатад ФИФА-гаас сурвалжлах эрхийн мандатыг олгожээ. Түүний хувьд өмнөх хоёр ДАШТ-д гэрэл зурагчнаар ажиллах хүсэлтээ өгсөн ч татгалзсан хариу авч байсан бол энэ удаа дэлхийн гэрэл зурагчдын эгнээнд багтаж чадав. МУСГЗ Ч.Ганбат Монголын гэрэл зурагчдаас анхлан дэлхийн шагналтан болсон юм. Тэрээр хамгийн анх 2009 онд Зүүн Азийн наадамд ажилласнаас хойш өвөл, зуны олимп, Азийн наадам, жүдо бөхийн ДАШТ гээд дэлхийн нэр хүндтэй 30 гаруй тэмцээнд гэрэл зурагчнаар ажиллажээ. Хамгийн сүүлд 2026 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа аралд болсон Азийн элсний наадмыг сурвалжилсан бол энэ сард түүнд хөлбөмбөгийн ДАШТ-д ажиллах эрхийг өгчээ.

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг угтан Монголын хөлбөмбөгийн шигшээ багт олон улсын тэмцээнд оролцох нөхцөл байдал үүслээ. Хөлбөмбөгөөр амьсгалж буй энэ үед манай шигшээ баг нэг жил гаруй хугацааны дараа албан ёсны нөхөрсөг тоглолтод оролцох болов. Энэ удаа шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Мижиддорж, Б.Бат-Од, Г.Төгөлдөр, З.Тэмүүлэн, Г.Ганбаяр, М.Батхишиг нарын шилдэг тамирчид багтсан. Манай шигшээ баг энэ сард Сингапур, Хонгконгийн багуудтай тоглолт хийхээр болсон нь дотоодын шигшээ багийн тоглолт үгүй болсон энэ үед гэрэл гэгээтэй мэдээ байв. Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Итали улсын мэргэжилтэн, UEFA Pro зэрэглэлтэй дасгалжуулагч Марко Ражини томилогдон ажиллаж байна.