
Жейкоб Киплимо 25 настайдаа Лиссабон хотод болсон уралдаанд түрүүлж, эрэгтэйчүүдийн хагас марафоны дэлхийн рекордыг дахин эзэмшлээ. Тэрээр 57 минут 20 секундын амжилтаар барианд орж, хоёр жилийн өмнө тогтоосон амжилтаа 10 секундээр урагшлуулжээ.
Тэр энэ зам дээр 2021 онд рекорд тогтоож байсан бөгөөд таван жилийн дараа дахин дээд амжилтаа сэргээж чадлаа. Ням гараг(2026.03.08)-т болсон уралдаанд гүйгчид хурдасгагч ашиглаагүй байв. Киплимо эхний 5 км-ийг 13:28 минутанд туулж, Кенийн тамирчид болох Николас Кипкорир, Гилбэрт Кипротик нар удаалцгаажээ. Гурван тамирчин 10 км-ийн заагт 27:00 минутын амжилтаар ирэхэд Кипротич хурдаа алдаж эхэлсэн байна.
15 км-т хүрэхдээ тэдний хурд бага зэрэг буурсан ч Киплимо огцом хурд нэмж, дараагийн 5 км-ийг 13:31 минутанд туулсан бөгөөд энэ хурдаа барианд ортлоо хадгалж чадсан байна.
Киплимо өмнө нь 2021 онд Лиссабонд 57:31 амжилтаар дэлхийн рекорд тогтоож байсан. Харин 2024 онд Этиопын Ёомиф Кежелжа энэ амжилтыг 1 секундээр ахиулж байв.
Барианд орсныхоо дараа Киплимо “Дэлхийн рекордыг эвдсэндээ маш их баяртай байна. Эхний 10 км-ийн дараа рекорд тогтоох боломжтой гэж бодсон. Сүүлийн хоёр км-т хурдаа аль болох нэмэхийг хичээсэн” гэж хэлжээ.
Кенийн Кипкорир барианд 48 секундийн дараа орсон бол Кипротич 1 минут 39 секундийн дараа бариалж, гуравдугаар байрт оржээ.
Өнгөрсөн жил Барселонд болсон уралдаанд Киплимо хагас марафонд 57 минутын босгыг анх удаа эвдэж, 56:42 амжилт үзүүлсэн. Гэвч Хөнгөн атлетикийн холбоо энэ амжилтыг уралдааны нөхцөл дүрэмд бүрэн нийцээгүй гэсэн шалтгаанаар албан ёсны рекорд гэж баталгаажуулаагүй юм.
Эмэгтэйчүүдийн төрөлд Этиопын Циге Гибреселама 1 цаг 4 минут 48 секундын амжилтаар түрүүлж, аваргын цолоо хамгаалжээ.