
Монголын Үндэсний номын сангийн 105 жилийн ойн хүндэтгэлийн ёслолын үеэр тус номын сангийн захиалгаар Монголын бичгийн хосгүй дурсгал болох “Монголын нууц товчоон”-оос сэдэвлэн УГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын ижил нэрт симфон туурвижээ. Тус симфонийн “Тэмүжиний уг гарал ба бага нас” хэмээх эхний бүлгийг Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуурын чуулгын их найрал хөгжимчид анх удаа эгшиглүүллээ.
Монголын Үндэсний номын сангийн захирал, СГЗ Б.Ичинхорлоо "Монгол Улсын Үндэсний номын сан нь Монголын ард түмний бичгийн дурсгалыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй байгууллагын хувьд түүхэн ойгоороо монголчуудын бичгийн дурсгалын ноён оргил болох “Монголын нууц товчоон”-оороо хөгжмийн ном бүтээж буйгаараа, баярын өдрөөр эхний бүлгийн анхны сонсогчид болж байгаагаараа, номын сан ойдоо зориулан ийм том бүтээлээр бэлэг барьж байгаагаар бахархаж, баярлаж байна" хэмээв.
Бичиг соёлын өвийг үндэсний хөгжмийн урлагтай хослуулан бүтээсэн тус аялгуу нь ойн хүндэтгэлийн ёслолын онцлох хэсэг байв.