
Сирийн шүүх Сирийн төрийн эрхээс түлхэн унагаагдсан Ерөнхийлөгч Башар аль-Асад болон түүний дүүд Сирийн 14 жилийн мөргөлдөөний үеэр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр цаазаар авах ял оноожээ.
Дамаск хотын Дөрөвдүгээр эрүүгийн шүүхээс гаргасан уг шийдвэр нь Асад болон түүний ойрын хүрээллийн гишүүдэд оноосон анхны ял боллоо.
“Башар Асад төрийн байгууллагуудыг ашиглан дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн” гэж шүүх хурлыг төрийн телевизээр шууд дамжуулж байх үеэр шүүгч Фахареддин аль-Ариан мэдэгдэв.
Мөн уг хэрэгт Асадын эхийн талын үеэл Атеф Нажибт цаазаар авах ял оноожээ. Түүнийг бослого, улмаар иргэний дайн дэгдэхэд хүргэсэн Сирийн өмнөд хэсгийн Дара муж дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр дарах ажиллагааг удирдсан гэж буруутгаж, гэм буруутайд тооцсон байна.

Аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээний үеэр Нажиб хоригдлын хувцас өмсөн торон хаалттай хэсэгт зогсож, шүүгч ялыг уншжээ. Дамаск хотын төвд байрлах шүүхийн байрны гадаа олон хүн цуглан шүүхийн шийдвэрийг сонссон байна.
Асад болон түүний дүү Махер 2024 оны арванхоёрдугаар сард Засгийн газар нь нуран унасны дараа Орос руу зугтаж, улс төрийн орогнол авсан. Сирийн шинэ эрх баригчид Оросоос Асадын ах дүүсийг шилжүүлэн өгөхийг хүссэн гэдэг.
АНУ-ын Сангийн яам 2011 оны дөрөвдүгээр сард хориг арга хэмжээ авсан Нажибыг хожим нь баривчилсан. Тэрээр шүүхээр шийтгүүлж буй хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг болж байна.
Сирийн армийн бригадын генерал асан Нажиб нь 2011 онд Асадын засаглалын үед Сирийн өмнөд хэсгийн Дара муж дахь Улс төрийн аюулгүй байдлын салбарыг удирдаж байв.
Түүнийг удирдаж байх хугацаанд Дара хотын нэгэн сургуулийн ханан дээр Засгийн газрыг эсэргүүцсэн граффити бичсэн арваад өсвөр насны хүүхдийг баривчилж, эрүүдэн шүүсэн. Энэ хэрэг нь Асадын аюулгүй байдлын хүчний дарангуйллын бодлогыг эсэргүүцсэн олон нийтийн томоохон жагсаал эхлэхэд түлхэц болсон юм.
Эсэргүүцлийн хөдөлгөөнийг Засгийн газар хүчээр дарж улмаар 14 жил үргэлжилсэн иргэний дайн болж өргөжсөн. Асадын засаглал босогчдын гэнэтийн давшилтын үеэр нуран унаснаар уг дайн төгсгөл болсон юм.
Махер Асад нь Сирийн армийн Дөрөвдүгээр хуягт дивизийн командлагч асан. Сирийн сөрөг хүчний идэвхтнүүд түүнийг хүн алах, эрүүдэн шүүх, дээрэмдэх, хар тамхи хууль бусаар наймаалах үйл ажиллагаанд оролцож, өөрийн хорих төвүүдийг ажиллуулдаг байсан гэж буруутгаж иржээ.