
Улсын хэмжээнд Дорнод, Хэнтий аймагт гурван удаагийн хээрийн түймэр бүртгэгдсэнээс нэг түймрийг бүрэн унтрааж, хоёр түймрийг цурамд оруулжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут II багийн “Бөөрийн булаг” гэдэг газар өчигдөр 12:43 цагт хээрийн түймэр гарчээ. Улмаар Онцгой байдлын газрын алба хаагчид, Баян-Уул, Цагаан-Овоо сумын мэргэжлийн нийт 37 хүн, 7 автомашинтайгаар ажиллаж, 15:20 цагт цурамд оруулан, 20:00 цагт бүрэн унтраасан байна.
Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын VII багийн “Жаргалант” гэдэг газар 11:07 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Онцгой байдлын газар, Өлзийт тосгон, Өмнөдэлгэр, Хэрлэн сум, Тахилга тосгоны мэргэжлийн ангийнхан нийт 80 хүн, 10 автомашинтайгаар ажиллаж, 14:40 цагт цурамд оруулжээ. Улмаар 21:05 цагт бүрэн унтраажээ.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын VIII багийн “Ар хүүш” гэдэг газар өвөлжөөнөөс гал алдаж, хээрийн түймэр гарсан дуудлага 15:57 цагт бүртгэгдэж, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 18:53 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.