
ОХУ-ын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэн Их Британид баривчлагдсан АНУ-ын армийн офицерыг Америкийн армийн мэдэлд шилжүүлсэн талаараа Их Британийн терроризмтой тэмцэх цагдаагийн газар мэдээлжээ.
ВВС-ийн мэдээлснээр, уг цэргийн алба хаагчийг дэд хурандаа Брэндон Кэрролл Тайнер гэдэг. 2008 оноос АНУ-ын армид алба хаасан 41 настай түүнийг өнгөрсөн долоо хоногт Глостер хотын ойролцоо Их Британийн терроризмтой тэмцэх цагдаагийн ажилтнууд баривчилсан байна. Тайнер Глостершир мужийн Инсворт дахь НАТО-гийн Шуурхай хариу арга хэмжээний холбоотны корпусын төв байр болох Имжин хуаранд байрлаж байжээ.
Терроризмтой тэмцэх цагдаагийн газар түүнийг үндэсний аюулгүй байдал болон тагнуулын хэрэгт сэжиглэгдэж буй асуудлаар одоо АНУ-ын талын мэдэлд шилжүүлсэн гэж мэдэгдэв. Түүнийг баривчилсан үед ОХУ энэ хэрэгт “ямар ч холбоогүй” хэмээн мэдэгдэж байжээ. Их Британийн цагдаа нар түүнийг Үндэсний аюулгүй байдлын тухай 2023 оны хуулийн нэгдүгээр болон гуравдугаар зүйлд заасны дагуу баривчилсны дараа Лондонд саатуулж байгаа талаар өмнө нь мэдээлсэн юм. Эдгээр зүйл нь хамгаалалттай мэдээллийг олж авах, задруулах, мөн гадаадын тагнуулын албанд туслахтай холбоотой аж.
Тайнерыг арваннэгдүгээр сарын 10-нд баривчилсны маргааш Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг хэрэг юутай холбоотойг “мэдэхгүй” гэж мэдэгдээд “Бид энэ хэрэгт ямар ч холбоогүй, бидэнд огт хамаагүй” гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Мягмар гарагт Терроризмтой тэмцэх цагдаагийн газрын дарга, туслах комиссар Лоренс Тейлор “Үүний дараа мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр Америкийн түншүүдэд шилжүүлэх шийдвэр гаргасан” гэж мэдэгдэв.
ВВС-ийн мэдээлснээр, Тайнерыг баривчилсан ажиллагааг Их Британийн дотоодын тагнуул, аюулгүй байдлын байгууллага болох МИ5 Холбооны мөрдөх товчоо (FBI)-той хамтран удаан хугацаанд явуулсан байна.
Тэрбээр өмнө нь Афганистан болон Иракт алба хааж байсан ч баривчлагдах үедээ Глостер хотын ойролцоох НАТО-гийн Шуурхай хариу арга хэмжээний холбоотны корпуст ажиллаж байжээ. Түүнийг ОХУ-д задруулсан тохиолдолд асар их хохирол учруулж болзошгүй нууц мэдээлэлд нэвтрэх эрхтэй байсан гэж мэдээлсэн байна. Мөрдөгчид АНУ-ын армийн ахлах офицерыг тагнуул хийсэн гэх хэргийн материалыг хянан хэлэлцүүлэхээр Хааны прокурорын албанд хүргүүлжээ.
Гэвч энэ шатанд Лондон дахь Ерөнхий прокурорын газар, АНУ-ын эрх баригчид ч оролцсон байна. Улмаар дэд хурандаа Тайнерыг АНУ-ын цэргийн байгууллагын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр түүнийг Их Британид шүүхгүй, харин АНУ-ын Цэргийн шударга ёсны нэгдсэн хуулийн дагуу шүүх юм.
АНУ-ын армийн бригадын генерал Шон Стинчон энэ хэрэг нь “өргөсөн тангаргаа зөрчсөн байж болзошгүй” аливаа цэргийн алба хаагчдад хатуу анхааруулга болох ёстой гэж мэдэгджээ. тэрээр “Бусад цэргийн алба хаагчдынхаа итгэлийг эвдэж, хамтын батлан хамгаалах чадварт аюул учруулсан байж болзошгүй гэж хэн нэгнийг сэжиглэсэн тохиолдолд бид таныг илрүүлж, шударга ёсыг хэрэгжүүлэх болно” гэж нэмж хэлсэн байна.