Израилийн арми, Аюулгүй байдлын албаны хамтран явуулсан агаарын цохилтод Хамас бүлэглэлийн  зэвсэгт жигүүрийн хэвлэлийн төлөөлөгч Абу Обейда өртөж амь үрэгджээ.

Энэ талаар Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэл Катц мэдэгдээд, ажиллагаа маш амжилттай, алдаагүй хэрэгжсэн гэв.

Одоогоор Хамасын зүгээс одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Харин довтолгооны улмаас Газа хотын нэгэн орон сууцны байрилга сүйдэж олон арван энгийн иргэн амиа алдсан хэмээжээ. Тодруулбал, орон нутгийн сэтгүүлчдийн мэдээлснээр Газа хотын хүн ам ихтэй Аль-Римал хороолол уг дайралтад өртсөнөөр долоон хүн амь үрэгдэж, 20 иргэн шархаджээ. Амь үрэгдэгсдийн дотор хүүхдүүд байсан байна.

Сайд Кац ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Обейдагийн гэм хэргийн хамсаатнууд цаашид бай болох магадлалтай гэдгийг дурдаж Газыг бүхэлд нь хяналтдаа авах Израилийн армийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын нэг нь энэ гэдгийг онцоллоо.

Абу Обейда нь 2023 оны 10 сарын 7-нд өмнөд Израилд болсон цус асгаруулсан халдлагын өмнөхөн Хамасын цэргийн удирдлагад үлдсэн цөөн өндөр албан тушаалтны нэг байсан аж.

Израилийн армийн таван пуужин нэгэн зэрэг, хоёр өөр чиглэлээс зургаан давхар байшингийн хоёр болон гуравдугаар давхрыг онилж цохисон байна. Тус байр өмнө нь шүдний эмнэлэгийн үйл ажиллагаа явуулдаг төв байсан аж. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлснээр цохилтын дараа асар их хэмжээний бэлэн мөнгө агаарт хийсэж, зарим нь орон нутгийн иргэдийн гарт орсон ч дараа нь Хамас эргүүлэн авсан гэнэ.

Израилийн арми болон Аюулгүй байдлын албаны хамтарсан мэдэгдэлд Обейдаг “Хамас террорист байгууллагын олон нийтэд танигдсан нүүр царай бөгөөд суртал ухуулгыг түгээгч” хэмээн тодорхойлжээ.

Сүүлийн жилүүдэд тэрээр нүүрээ палестин ороолтоор халхалсан дүрээр олон нийтийн өмнө гарч, Израилийн эсрэг чиглэсэн илтгэлүүдийг тогтмол уншдаг байсан ба Хамасын дэмжигчдийн хувьд Ойрхи Дорнодын хэмжээнд бэлгэ тэмдэг болж байв.

Өнгөрөгч баасан гарагт хийсэн, түүний сүүлчийнх байж болзошгүй мэдэгдэлдээ Абу Обейда үлдсэн Израилийн олзлогсдын хувь заяа Хамасын дайчдынхтай ижил байхыг сануулж, Израил Газа хот руу түрэмгийлэн орохоос сэрэмжлүүлж байжээ.

Израилийн Аюулгүй байдлын танхим энэ сарын эхээр Газа хотыг бүрэн эзлэх цэргийн шинэ ажиллагааг баталсан. Хэдийгээр Израил энэ алхмаа дайн дуусгах стратегийн хүрээнд хийж буйгаа мэдэгдсэн ч НҮБ энгийн иргэдэд энэ нь гамшигт үр дагавар авчирна гэдгийг анхааруулсаар байна. НҮБ-ын тооцоолсноор Газ хотын 90 гаруй хувь нь сүйдэж, ус дамжуулах, ариун цэврийн тогтолцоо бүрэн зогсож, өлсгөлөн, хүмүүнлэгийн хямрал гаарч байна.