
Сэтгэлгээ гэдэг хийж, бүтээсний үр дүнд л хөгжиж тэлдэг эд. Оролдлого сайт л оройд гарна гэдэг шүү дээ.
Харин амрыг харж, бусдаас хуулбарласнаар дундчуулын л нэг болно. Үнэндээ өдгөө “урагшилна” гэх нэршил ирээдүйтэй л холбогдох болсон. Ерөөс хөгжин дэвших, илүү сайн сайхны тухай төсөөлөл өнгөрсөн, одоо цагтай харгалддаггүй. Яг одоо юуг бүтээхээс шалтгаалж болох ч ирээдүйд учрах эрсдэлийг тооцоолохгүй алхам хийх нь түүхийн аль ч түвшинд сөрөг үр дагавартай байсаар ирсэн. Харин бид яг одоо тийм сөрөг үр дагаврын үйлийг үүрэх зам дээр алхаж байна. Үүний нэг жишээ бол хиймэл оюуныг ашиглах явдал.
Мэдээж цаг үетэйгээ хөл нийлүүлж, ажил хөнгөвчлөх, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх зэргээр ашиглах зайлшгүй шаардлагатай. Үгүй гэхэд ChatGPT-д ямар өгөгдөл өгөх, түүгээр юуг хийлгэх, уг хиймэл оюун ухаан хэрхэн туслагч байх вэ гэдгийг сайтар бодолцох учиртай юм. Харамсалтай нь, хүн чулууг зэвсэг болгон ашиглахдаа анх ан гөрөө хийж байсан бол уг технологи боловсронгуй болох тусам нэгнээ хөнөөж, халдлага үйлдэж эхэлсэн шиг хиймэл оюун ухаан ч олон эрсдэл дагуулах болсон. Үүний нэг л жишээг онцлон авч үзье.
Өдгөө залуус хичээлийн бие даалт, эсээ зэрэг багшийн өгсөн үүрэг даалгаврыг ChatGPT-д түшиглэн хийх нь түгээмэл болсон. Асар их өгөгдөлтэй уг технологи google-с хайлт хийхээс хурдан, дээр нь жишээ баримтууд нь баялаг. Өгөгдсөн нөхцөл, сэдвийн дагуу нийтлэл, шүлэг, эсээ, үлгэр хүртэл зохиож, олон хэлээс орчуулга ч хийлгэх боломжтой. Хүн төрөлхтний олон жилийн уйгагүй хөдөлмөрч, бүтээлч сэтгэлгээний үр дүнд бүтсэн гайхалтай дэвшлүүдийн нэг гэдэг нь гарцаагүй. Гэвч хиймэл оюун нь дээр дурдсан асар их өгөгдөл дундаас ерөнхий, дунджийг баримталсан нийтлэг аргачлалаар трендийг илрүүлэх зориулалтай технологи гэдгийг мартаж болохгүй.
Түүний хийсэн ажил нь улиг болсон, олон нийтийн үзэл бодолтой ямагт харгалдах төлөвтэй байдаг. Тиймээс нэг ангийн хүүхдүүд ижил сэдвээр эсээ зохиолоо гэхэд бичгийн хэл найрууллын хувьд цутгачихсан мэт нэгэн хэвийн байхаас гадна, нөгөө л давтмал, улигласан санаа тэндээс уншигдана. Иймээс таны бүтээл бусдынхтай ижил, ялгарах зүйлгүй байхаас гадна бие хүний онцлог, сэтгэлгээний ондоошлыг бичвэрээс тань тодорхойлж дөнгөхгүй.
Бүгд нэг л хэвийн сэтгэдэг, аливаад ханддаг, адил хэвд цутгасан дархны уран хийц шиг болчихвол юу болох вэ. Ёстой л хөмөрсөн тогооны шинэ хэлбэр гэдэг нь тэр байх. Угтаа хиймэл оюун ухаан бол юуг хэрхэн илэрхийлэх аргачлалыг зааж, мэдээ мэдээлэл, баримтаар хангах үүрэгтэйгээр бичгийн ажилдаа ашиглаж болох туслагч юм л даа. Гэвч өөрсдийгөө шинэ үеийнхэн хэмээн тодорхойлж, хэсэг бүлэг нь дөвийлгөж суудаг залуус маань улам залхуу болоод байна уу гэмээр санагдана. Хөдөлмөрийнх нь бараг 30 хувийг хөнгөвчилж чадах төхөөрөмжөөс 100 хувийн гүйцэтгэл шаардаж суух хэр зохистой үйлдэл бол.
Нэгэн хэвийн сэтгэлгээний хамгийн том эрсдэл бол өөрийн гэх үзэл бодолгүй байх явдал. Тогтсон үзэл бодолгүй байна гэдэг өөрөөрөө сэтгэх эрх чөлөөгүй гэсэн үг. Тийм хүмүүсийг улс төрд ашиглаж, эрх мэдлийг гартаа авах үзэгдэл үеийн үед байсан. Тогтворгүй, аливаа бусдын үгийг дагасан үзэл бодол гэдэг оршихуйн жинхэнэ саад. Ерөөс манайд ийм хандлага давамгай байдаг. Үүнийг салхи хаашаа, хамхуул тийшээ гэдэгтэй зүйрлэж болно. Олон нийт ямар үзэл бодолтой байна, тэнд нь орж зогсохгүй л бол ухаантай, соёлтой, боловсролтой харагдахгүй гэж ойлгодог. Үнэндээ ийм хандлагын өөрчлөлтөөс л эхэлж бид хөгжил дэвшил, ирээдүйгээ ярих боломжтой болно.
Жишээ нь, Массачусетсийн их сургууль ChatGPT-тэй холбоотойгоор 50 оюутны дунд судалгаа явуулсан байдаг. 2024 онд хийсэн уг судалгаа нь “Баячууд ядууст туслах нь үүрэг мөн үү?” гэх асуултыг тавьжээ. Гэтэл ChatGPT ашигласан бүх оюутан “тэгэх үүрэгтэй” гэдэг дээр нэгдсэн байдаг. Харин өөрийнхөөрөө сэтгэж бичсэн оюутнуудын зарим нь энэ бол хувь хүнээс хамаарахаас бус заавал тусламж үзүүлэх үүрэггүй гэх өнцгийг бичвэртээ шигтгэсэн байгаа юм. Хүмүүс ижил мэдээллийн эх сурвалжид тулгуурлаж, ижилхэн аргаар бодож, нэг л хандлага дээр тулгуурладаг болж эхэлбэл нийгмийн олон янз байдал аажмаар сарнина. Үүнийг дагаад мэтгэлцээн, өрсөлдөөн үгүй болж зөвхөн нэгэн хэвийн давтагдмал байдал ноёрхдог. Үнэндээ хэн ч ийм уйтгартай нөхцөлд удаан тэсэж чадахгүй агаад тийм нийгэм хүмүүсийг улам л буурай, чадваргүй болгоно. Тэгээд ч шинэ санаа төрөх нь ховор. Шинэ санаа үгүй бол хөгжлийн хөдөлгөөн саарна. Эцэст нь нийгэм гаднаасаа эмх цэгцтэй мэт харагдавч салангид болдог.
Бэлэн гоймон ер нь ходоодонд их муу. Бүгд үүнийг мэддэг. Түүнтэй адил бэлэнчлэх сэтгэлгээ амьдралд тусгүй. Хүн амар хялбар зүйлд дасах тусам урууддаг жамтай. Саяхан нэгэн сургуулийн төгсөх оюутнуудын зохиосон ёгт үлгэрүүдтэй танилцлаа л даа. Бүгдийнх нь сэдэв ижилхэн байг гэхэд үйл явдлын өгүүлэмж, босгосон дүрүүд нь хоорондоо адилхан. Нэг бол яст мэлхий, туулай эсвээс баавгай, хэрэм хоёр л гол дүр болно. Эхлэл, төгсгөлүүдийг нь уншаад үзэхэд л хоорондоо жигтэйхэн адил, хамгийн эхэнд уг ёгт үлгэрийн санааг бодож олсон оюутнууд ангийнхан нь хуулчихсан аятай. Мөнөөхийг уншаад багшаас нь асуувал “Харин тийм ээ, оюутнууд маань ChatGPT ашиглаж бичээд байх шиг байна” гэх хариултыг өгөв.
Эндээс нэг зүйл тодорхой харагдана. Ихэнх хүүхнүүд ChatGPT хүн бүрт онхи ондоог зориулан бүтээж өгдөг гэх хандлагатай байна. Үнэндээ мөнөөх их өгөгдөл дотроос дундаж, нийтлэг байдлыг эрхэмлэдэг хиймэл оюун ухаан тэгэх боломжгүй. Дээр нь хэл найруулгын хувьд, илэрхийлэх аргачлал, бүтцийн тал дээр ч онолд суурилан бүтээсэн механизм ижил түвшинд л ажиллана. Тиймээс хоол хийхээс залхуурч шууд бэлэн гоймон савхдаж идчихээд суух нь алсдаа хор л болох талтай. Учир нь ChatGPT-гээр бичүүлсэн зүйлийг чинь бусад нь мэдэхгүй гэж бодох нь алдаа. Уншиж үзэхэд л тодорхой, баригдах эрсдэл өндөр. Тэгээд ч хиймэл оюунаар бүтээсэн гэдгийг нотолдог тусгай технологиуд ч бүтээгдээд эхэлснийг санахад илүүдэхгүй.
Одоохондоо сургуульдаа, эх орон дотроо бусдыг аргалаад байж болох юм аа гэхэд ямар нэгэн гадаадын их сургуульд тэтгэлэгт хамрагдахаар эсээ бичих боллоо гэхэд ChatGPT-ээс тусламж авна уу гэхээс бүтээл горьдох хэрэггүй гэдгийг сануулъя.
Хэн ч дулимаг, дутуу байхыг хүсэхгүй. Тийм бүтээл хийж үлдээхийг чухалчилдаггүй нь лавтай. Гэвч ChatGPT-д найдаад суувал үргэлж дундаж, дулимаг үр дүнг хүртэнэ. Хиймэл оюун ухаан бол хүний ухамсрыг орлох зүйл биш. Түүнийг зөв ашиглавал бодол санааг цэгцэлж, мэдээллийг хурдан боловсруулахад тусална. Гэвч хэт найдах тусам хүн өөрөө бодох шаардлагагүй мэт санагдаж эхэлнэ. Энэ бол хамгийн аюултай шилжилт. Бодохгүй болно гэдэг нь эрх чөлөөгөө аажмаар бусдад шилжүүлж буй хэрэг. Угтаа чиний тархи чинийх болохоос өөрсдийн сэтгэсэн технологийн боол биш.
Өөрийнхөөрөө сэтгэхгүй байх тусам амьдралын аар, саархан асуудлууд ч төвөгтэй болж эхэлдэг.
Үүнтэй адил сэтгэлгээний “сургалт” тасрахад шүүмжлэх, задлан шинжлэх чадвар бүдгэрнэ. Тийм сэтгэлгээ гаднын мэдээллийг шүүлтүүргүйгээр хүлээн авдаг. Шүүлтүүргүйгээр мэдээллийг хүлээн авах нь ямар эрсдэлтэй болохыг бид өдгөө нийтээрээ мэдэрч байгаа шүү дээ. Үнэндээ бусдын манипуляцид өртөмтгий л болно. Тийм иргэдээр дүүрсэн нийгэм бол дундчуулын нийгэм. Ухамсартаа эзэн шиг хандахгүй аваас бид ийм л ирээдүйг бүтээнэ. Харин өнөөхөндөө гэж хэлэхэд яг үнэндээ хэн ч дундаж гэх шугам дээр оршдоггүй билээ.