Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

Энэ жилийн баяр наадмын бэлтгэл ажлыг есөн салбар хороо, 236 ажилтан, албан хаагч хариуцан ажиллаж байна. Баяр наадмын нээлт, хаалт, соёл урлагийн арга хэмжээнд нийтдээ 2500 уран бүтээлч, 40 гаруй мэргэжлийн урлагийн байгууллага, хувийн хэвшлийн 100 гаруй байгууллага оролцох ажээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын тогтоолын дагуу “Дэлхийн адууны өдөр”-ийг 2025 оны долоодугаар сарын 11-нд дэлхий нийтээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг онцлоод Монгол үндэстний ондоошил, өв соёлын тод илэрхийлэл болсон Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцож буй нийт уран бүтээлч, арын албаныханд амжилт хүслээ.