
АНУ-ын гоо сайхны аварга Estée Lauder Испанийн Puig компанитай нэгдэх боломжийг хэлэлцэж байна.
Puig компани дэлхийд алдартай Jean Paul Gaultier болон Rabanne зэрэг алдартай үнэртний брэндүүдийг эзэмшдэг. Харин Estée Lauder нь арьс арчилгаа, гоо сайхан, үнэртний салбарт дэлхийн тэргүүлэгчдийн нэг бөгөөд Clinique, Bobbi Brown, Tom Ford зэрэг брэндүүдийг эзэмшдэг.
Financial Times-ийн мэдээлснээр, энэхүү хэлцэл амжилттай болбол 40 тэрбум ам.долларын үнэлгээтэй шинэ аварга компани бий болох боломжтой аж. Гэвч Estée Lauder “Эцсийн шийдвэр гараагүй бөгөөд гэрээ байгуулагдаагүй нөхцөлд ямар нэг баталгаа өгөх боломжгүй” гэж мэдэгдсэн байна.
Puig компани 1914 онд байгуулагдсан бөгөөд одоо ч Puig гэр бүлийн хяналтад байдаг. Тус компани 150 оронд бүтээгдэхүүнээ борлуулж, 2025 онд 5 тэрбум еврогоос давсан орлого олжээ.
Estée Lauder компанийг 1946 онд Estée Lauder болон түүний нөхөр Жозеф Лаудер нар Нью-Йоркт байгуулж байсан бөгөөд одоо дэлхийн хоёр дахь том гоо сайхны компанид тооцогддог. Сүүлийн үед борлуулалт саарсантай холбоотойгоор ажлын байраа цомхотгож, бизнесээ сэргээхийг зорьж байгаа бөгөөд нэгдэх хэлэлцээний тухай мэдээ гарсны дараа компанийн хувьцаа 8 орчим хувиар унажээ.
Мөн энэ хэлэлцээ нь салбар дахь бусад томоохон наймаануудын дараа өрнөж байна. Тухайлбал, Rhode брэндийг E.l.f. Beauty 1 тэрбум ам.долларын хэлцлээр худалдан авсан бол Kering компани гоо сайхны бизнесээ L'Oréal-д 4 тэрбум еврогоор худалдахаар тохиролцсон байна.