Домогт боксчин Кристи Мартиний амьдралаас сэдэвлэсэн “Crhisty”  намтарчилсан уран сайхны кино ирэх есөн сард буюу Торонтогийн кино наадмын үеэр дэлхийн нээлтээ хийхээр болжээ.

Алдарт промоутер Дон Кингтэй гэрээ байгуулсан анхны эмэгтэй боксчин Кристи Мартины түүхээс сэдэвлэсэн энэхүү киноны гол дүрийг жүжигчин Сидни Суини бүтээсэн байна. “Euphoria” цуврал болон “White Lotus”-ийн дүрээрээ олны танил болсон 27 настай жүжигчин бүсгүй шинэ дүрдээ хувирахын тулд 15 кг жин нэмсэн гэнэ.

“Эмэгтэй Рокки” гэх хочтой Кристи Мартинтай төстэй бие галбиртай болохын тулд Сидни Суини өдөрт гурван удаа бэлтгэл хийж байжээ.

“Биеэ хараад “Ээ, бурхан минь” гэж бодсон. Гэхдээ маш их хүчтэй, бүр галзуу хүчтэй болсон маань сайхан санагдсан” хэмээн Суини ярьжээ.

Ташрамд дурдахад, боксчин Кристи Мартины одоо 57 настай бөгөөд тэрбээр мэргэжлийн боксын рингэнд 59 тулаан хийж, 49 ялсан. Үүний 32 нь нокаут юм. Эмэгтэй хүн боксоор хичээллэж, мэргэжлийн тулаанд орох ёстой гэж олон нийтийг хүлээн зөвшөөрүүлсэн хүн гэж түүнийг үздэг.