
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг шинэчилсний дараа Казахстан улсын цэц мягмар гарагт Касым-Жомарт Токаевыг дахин долоон жилийн хугацаатайгаар төрийн эрх барих сунгаанд оролцох боломжтой гэсэн шийдвэр гаргалаа.
Үндсэн хуулийн шүүхээс Токаевын одоогийн бүрэн эрхийн хугацаа нь өнгөрсөн гуравдугаар сард бүх нийтийн санал асуулгаар батлагдаж, энэ сараас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу тоологдохгүй тул 2029 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусахад дахин нэр дэвших эрхтэй гэж үзжээ.
Орос, Беларусь, Узбекистан, Тажикистан зэрэг хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан хэд хэдэн улсын удирдагчид гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ бэхжүүлж, албан тушаалдаа үлдэх хугацаагаа уртасгахын тулд улсынхаа Үндсэн хуулийг өөрчилж эсвэл шинэчилж байсан юм.
Өмнө нь НҮБ-д алба хашиж байсан өдгөө 73 настай Токаев нь 20 сая хүн амтай, газрын тосоор баялаг Төв Азийн улсыг 2019 оноос хойш удирдаж байна.
Бүх нийтийн санал асуулгаар үнэмлэхүй олонхын дэмжлэг авсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь Токаевын Казахстанд тогтоосон эрх мэдлийг улам бэхжүүлэв.
Москва Украины эсрэг дөрвөн жил гаруй үргэлжилж буй дайны улмаас хориг арга хэмжээнд орсноос хойш Орос болон Барууны орнуудын хооронд нарийн тэнцвэрийг хадгалсаар ирсэн Токаев "хурдацтай өөрчлөгдөж буй ертөнцөд шуурхай шийдвэр гаргахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байсан" гэж тайлбарладаг.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Казахстаны парламентын хоёр танхимыг нэгтгэж, Ерөнхийлөгчид хууль тогтоогчдын зөвшөөрлөөр Засгийн газрын гол албан тушаалтнуудыг томилох эрхийг олгосон. Үүнд дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг сэргээсэн байна. Мөн парламентын зэрэгцээ хууль тогтоомж, санал асуулга санаачлах эрх бүхий "Ардын зөвлөл" гэх шинэ байгууллага байгуулахаар тусгажээ. Энэхүү зөвлөлийн гишүүдийг Ерөнхийлөгч өөрөө томилно.
Засгийн газрын бүтцэд төлөөлөлгүй Казахстаны сөрөг хүчнийхэн олон нийтийн санаа бодолд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадахгүй байна.
Зөвлөлт Холбоот Улс 1991 онд задарснаас хойш Казахстаныг тусгаар тогтносон улс болох шилжилтийн үед бараг гучин жилийн турш эрх мэдлийг атгасан Нурсултан Назарбаевыг огцорсны дараа Токаев 2019 онд Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх болсон. Назарбаевын өөрийн гараар сонгосон залгамжлагч гэж харагддаг байсан Токаев 2022 онд 238 хүний амь насыг авч одон мянга мянган хүнийг шархдуулсан эсэргүүцлийн жагсаалыг нухчин дарсан тул Казахстанд зарим хүмүүс "Цуст нэгдүгээр сар" гэж нэрлэдэг. Үүний дараа Токаев өөрийгөө шинэчлэгч хэмээн харуулахыг хичээж, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зарлан, тухайн оны сүүлчээр үнэмлэхүй ялалт байгуулж байжээ.