Америк, Хятадын төлөөлөгчид Испанийн нийслэл Мадрид хотноо өнгөрсөн ням гарагт хэлэлцээр хийж эхэлжээ. Талууд худалдаа, үндэсний аюулгүй байдал, “TikTok” богино хэмжээний дүрс бичлэгийн аппликейшнийг эзэмшихтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Хятадын Төрийн зөвлөлийн Шадар сайд Хэ Лифэнтэй ням гаргаас лхагва гаргийн хооронд уулзахаар товлосон гэж Хятадын тал мэдэгдсэн байна. АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир мөн хоёр талын өндөр албан тушаалтнуудын хооронд сүүлийн дөрвөн сарын хугацаанд дөрөв дэх удаагаа болж буй яриа хэлэлцээрт оролцоно.
Дээр дурдсан гурван өндөр албан тушаалтан болон Хятадын худалдааны хэлэлцээр хариуцсан дээд төлөөлөгч Ли Чэнган өнгөрсөн долоодугаар сард Стокхолм хотноо уулзаж, худалдааны түр эвлэрлийг 90 хоногоор сунгахаар тохиролцсон юм. Энэхүү шийдвэр нь хоёр талын харилцан бие биедээ ногдуулсан гурван оронтой тоогоор илэрхийлэгдэх татварын хэмжээг мэдэгдэхүйц бууруулснаас гадна Хятадаас АНУ руу хийж буй газрын ховор элементийн нийлүүлэлт сэргэсэн билээ.
Хятадын тал Америкийн хагас дамжуулагчийг шалгаж эхэлжээ
Мадридын хэлэлцээний өмнө АНУ-ын хагас дамжуулагчийн салбарт хоёр шалгалт хийж байгаагаа Хятадын тал ням гарагт зарлажээ. Тодруулбал, Хятадын Худалдааны яам АНУ-аас импортолсон зарим IC чипэнд демпингийн эсрэг шалгалт явуулж эхэлсэн байна. Тус яам мөн Хятадын чипийн салбарын эсрэг АНУ-ын авч буй арга хэмжээний талаар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлснийг мэдэгдэлд дурджээ.
Баасан гарагт АНУ-ын эрх баригчид Хятадын 23 компанийг АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр хориг тавих аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад оруулсны дараа Хятадын тал шалгалт хийж эхэлжээ.
Хятадын чип үйлдвэрлэгч томоохон компани болох SMIC-д чип үйлдвэрлэхэд нь зориулан тоног төхөөрөмж авсан гэж буруутгагдаж буй Хятадын хоёр компани АНУ-ын жагсаалтад багтжээ. АНУ-ын экспортын хязгаарлалт, татвар тариф ногдуулах шийдвэр нь дэвшилтэт чип, хиймэл оюун ухаан зэрэг Хятадын өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийг хязгаарлаж, дарангуйлж байгаа хэрэг хэмээн Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч X хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.
Мадридад болж буй АНУ-Хятадын яриа хэлэлцээрээс юу хүлээж байна вэ?
Хятадтай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж буй Испанийн Ерөнхий сайд Педро Санчесын Мадрид хотноо зохион байгуулж байгаа хэлэлцээрт томоохон ахиц дэвшил гарах магадлал бага байгааг худалдааны шинжээчид хэлж байна.
Хэлэлцээрээс гарах хамгийн өндөр магадлалтай үр дүн бол “TikTok”-ын толгой компани болох “ByteDance”-д АНУ дахь салбараа худалдахад олгосон эцсийн хугацааг дахин сунгах тохиролцоо юм.
“ByteDance” Америкийн худалдан авагчтай тохиролцоонд хүрч чадахгүй бол “TikTok”-ыг АНУ-д хориглох шийдвэр хэрэгжиж эхлэх хугацаа есдүгээр сарын 17-нд дуусна.
АНУ-ын Сангийн яамны мэдэгдсэнээр, Испанид хийж буй хэлэлцээ нь мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн Вашингтон, Бээжингийн хамтын ажиллагааг мөн хамарна. Украины дайнд ашиглаж буй технологийн бүтээгдэхүүнүүдийг Орос руу хууль бусаар нийлүүлж байгаатай холбогдуулан хатуу арга хэмжээ авахыг АНУ-ын тал Хятадаас шаардаж байгаа юм.