
Монголын жүдо бөхийн холбооноос ирэх аравдугаар сард Азарбайжанд болох насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох жүдочдын нэрсийг зарлалаа. Энэ удаагийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдоч зодоглох аж. Ингэхдээ эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг гэсэн гурван жинд тус бүр хоёр тамирчин илгээх бол 90 кг-ыг өнжихөөр болжээ. Харин эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг гэсэн дөрвөн жинд тамирчин илгээхээр шийдвэрлэсэн байна.
Багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн 48 кг-д олимпын мөнгө, дэлхийн аварга Б.Баасанхүү, Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, Л.Сосорбарам, 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Л.Энхрийлэн, ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч, +78 кг-д Д.Номинзул нар барилдахаар болжээ.
Харин эрэгтэйчүүдээс 60 кг-д Б.Сүхбат, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д улсын начин Б.Гончигсүрэн нар барилдана.
Б.Гончигсүрэн энэ жилийн улсын баяр наадамд улсын арслан Ц.Бямба-Отгоноор дөрөв, аймгийн арслан М.Баяржавхлангаар тав давж "Монгол улсын начин" цол хүртсэн. Мөн есдүгээр сарын 5-нд Бөхийн өргөөнд болсон Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай, Б.Бат-Өлзий, улсын аварга О.Хангай нарыг давж түрүүлсэн юм.