
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 20 гаруй төлөөллийг хүлээн авч уулзжээ.
Улсын хэмжээнд АЗЗА нэгтгэл төрийн өмчит компанийн 20 салбар, хувийн хэвшлийн есөн компани ажиллаж байна. Төрийн өмчит авто зам засвар арчлалтын компанийн бүтцийг оновчтой болгох, засаглал, үр ашгийг сайжруулах, олон нийтийн шууд хяналтад оруулах зорилгоор 2023 онд төрийн өмчит авто зам засвар арчлалтын 20 компанийг нэгтгэж “АЗЗА нэгтгэл” болгосон. Гэвч улс орон даяар 21 аймгийн АЗЗА нэгтгэлийн салбаруудын санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, санхүүжилтээ цаг тухай бүрт нь авч чадахгүй байгаагаас ажиллагсдынхаа цалинг олгож чадахгүйд хүрч, татвар, нийгмийн даатгалд хуримтлагдсан өр төлбөртэй болж, ажилчид нийгмийн баталгаагаа хангаж чадахгүйд хүрээд байгаагаа салбарын сайддаа уламжилжээ. Тэд сүүлийн хоёр сарын цалин хөлс, нийгмийн даатгалын өр, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол улс орон даяар ажил хаялт зарлахаа илэрхийлсэн байна.
Б.Дэлгэрсайхан сайд Сангийн яам руу яаралтай албан бичиг явуулж Цагаан сараас өмнө асуудлыг нь бүрэн шийдвэрлэхийг яамныхаа Автозамын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд нарт даалгасан байна.
Мөн энэ үеэр Б.Дэлгэрсайхан сайд “АЗЗА нэгтгэл” ТӨХК-ийг салбарын яамны харьяа байгууллага болгох саналаа Засгийн газраар хэлэлцүүлж, дотоодын хүмүүсээр бүрдүүлсэн ТУЗ-ийг байгуулж, дүрмээ батлан, санхүүгийн мэдлийг өөрсдөд нь олгож, орон нутагт тендерт оролцох боломжоор нь хангахаа илэрхийлжээ. Үүнийг төлөөллүүд дэмжиж “Зам засвар, арчлалтын ажил хийхэд цалин бага, тоног төхөөрөмж хүрэлцдэггүй. Тийм учраас нэг бодлого, нэгдмэл байр суурьтайгаар ажиллаж бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэжээ.