
Нийтийн засаглал, улс төрийн талбарт ч тэр харилцан хүндэтгэл, ёс зүйтэй эрүүл мэтгэлцээн улс орны бодлогыг тодорхойлж ирсэн.
Гэвч сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа, ялангуяа өрнөдийн ардчилсан орнуудын улс төрийн харилцаанд бүдүүлэг үг хэллэг, хар яриа жин дарах боллоо. Хөгжлийн бодлого тодорхойлогчид гэх атал микрофоны өмнө, эсвэл сая сая дагагчтай сошиал хуудсаараа хараалын үгсийг хээв нэг урсгана. Өрсөлдөгчийнхөө алдаа эндэлийг баримтаар няцааж шүүмжлэхээс илүүтэй “новш”, “тэнэг”, “худалч” гэх мэт доромж үгээр дайрах нь хэвшил болох янзтай.
Улстөрчид дотроо бодолгүйгээр амнаасаа дэл сул үг унагадаггүй цаг үе байлаа. Төрийн тэргүүн, сайд, парламентын гишүүн хэн ч бай хэлсэн үг нь нийгмийн ёс суртахууны хэм хэмжээг тодорхойлох учир зааг ялгаатай ханддаг байсан хэрэг. Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедийн аллага, 1960-аад оны хар арьстнуудын иргэний эрхийн тэмцлийг нүдээр үзэж туулсан жирийн иргэн Шерил Жонсоны хувьд өнөөгийн улстөрчдөд хаяглах гомдол нь тэдний хэлж ярьж буй хараалын үгс аж.
Тэтгэвэрт гарсан нийгмийн ажилтан Шерил Жонсон
Улс төрд ийм их хараал зүхэл гарч байхыг урьд нь хэзээ ч сонсож байсангүй. Үг гэдэг маш хүчтэй. АНУ-ын үе, үеийн 45 Ерөнхийлөгч хэзээ ч ийм муухай хэллэг хэрэглэж байсангүй. Багш, байгууллагын удирдлага, эмч, сувилагч нар ажлын байрандаа ингэж ярьдаг гэж үү? Энэ бол хүндлэл, нэр төрийн уналт, өөр юу ч биш.
Ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийнхээ хугацаанд “АНУ заваан орнуудаас (shithole countries) цагаачид оруулж байна” гэж хэлээд олон нийтийн хэрэгслээр бүдүүлэг загнасан хэмээн шүүмжлүүлж байсан Дональд Трамп одоо хараалын үгсийг дураараа хэрэглэх болов. Өнгөрсөн зуунд Ерөнхийлөгч Линдон Жонсон, Ричард Никсон зэрэг төрийн зүтгэлтнүүд хувийн яриандаа хараалын үг хэрэглэдэг байсан ч тэр нь зөвхөн хаалттай хаалганы цаана эсвэл хожим задарсан аудио бичлэгээс л олон нийтэд ил болдог байв.
2000 онд сонгуулийн сурталчилгааны үеэр Жорж Буш микрофон асаатайг мэдэлгүй New York Times-ын сэтгүүлчийг доромжилсныхоо төлөө олон нийтээс уучлал хүсэж байсан удаатай. Гэтэл Доналд Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд геополитикийн хямрал, олон улсын харилцааг тайлбарлахдаа хараалын үгийг шууд хэрэглэдэг болжээ.
Өнгөрсөн оны зургаадугаар сард 12 өдөр үргэлжилсэн мөргөлдөөн зогссон гэж мэдэгдсэний дараа Израил, Иран харилцан гал нээсэнд Трамп бухимдан Цагаан ордны зүлгэн дээрээс дайсагнагч талууд руу зүхлийн үгээ дайв. Амны алдаа байгаагүйг батлах мэт 2025 оны 10 сард Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн талаар түүнээс сэтгүүлчид асуухад “Тэр Америктэй орооцолдохыг хүсэхгүй байгаа учраас (don’t want to fuck around)” хэмээжээ. Улмаар АНУ-Израилийн зэвсэгт хүчин Ираны эсрэг дайн эхлүүлсний дараа нийгмийн сүлжээнд бүдүүлэг үг бичих нь олшсоор дөрөвдүгээр сард өөрийн Truth Social платформдоо “Солиотой новшнуудаа, тэр **** хоолойгоо нээ, эсвэл та нар тамд амьдрах болно. Зүгээр л хараарай” хэмээн заналхийлэв.
Их гүрний дээрэнгүй хандлага зөвхөн Трампаар хязгаарлагдсангүй. Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс цэргүүдийн өмнө үг хэлэхдээ, Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет армийн шинэчлэлийн тухай ярихдаа ч хараалын үгсийг сонгуулийн сурталчилгаа болгон сөрөг хүчнээ шүүрших аж. Ардчилсан намынхан ч дутахгүй. Сенатор Тамми Дакворт “Бүгд найрамдахчуудын тарьсан баасыг цэвэрлэхээс цөхөрч байна” хэмээн ундууцаж, Миннеаполис хотын дарга Жейкоб Фрей холбооны цагаачлалын ажилтнуудыг “Зайлцгаа” (get the fuck out) хэмээн үлдэн хөөв.
Индианагийн Их Сургуулийн англи хэлний профессор, “In Praise of Profanity” номын зохиогч Майкл Адамс
Ерөнхийлөгч Трампт ёс суртахууны нарийн мэдрэмж байдаггүй. Хараал хэлэх нь заримдаа түүний барьцгүй ааш, юуг ч тоодоггүй хэнэггүй зан авиртай нь холбоотой.
Сошиал медиа улс төрийн хэлний өөрчлөлтийг хурдасгасан гол хүчин зүйл. Ерөнхийлөгчийн бүтэн илтгэлээс хараалын үгийг тасалж аваад TikTok-оор түгээхэд төрийн бодлогоос хавьгүй хурдан тархана. Жишээлэхэд, Трамп ямар үг илүү их анхаарал татдагийг мэддэг тул сэтгүүлчдэд ороогдох нарийн тайлбар тавьж зогсохын оронд шууд л хараал, доромжлол урсгаж байр сууриа тодорхой илэрхийлдэг аргатай болсон.
Улс төрийн хэл улам бүр бүдүүлэг болж байгааг нийгмийн ёс суртахуун доройтсонтой холбох нь хэтэрхий энгийн тайлбар болно. Үүний цаана дэлхий нийтээр төрийн институцэд итгэх итгэл буурч “элит” гэх ойлголтод дургүйцэх хандлага нэмэгдсэн нь нөлөөлж буй. Мөн сонгуулийн кампанит ажил хувь хүний брэндэд илүүтэй төвлөрч, нийгмийн сүлжээ улс төрийн харилцааны гол талбар болсон тул улстөрчид хэтэрхий албан ёсны, боловсролтой хүн болж харагдахаас зэнзийрхэх аж. Энэ тохиолдолд хараалын үг зөвхөн балмад зангийн илэрхийлэл төдий бус, нийгмийн ялгааг багасгах улс төрийн хэрэгсэл болж хувирдаг.
Зөвлөлтийн дараах Оросын улс төрийн тайзан дээр Владимир Жириновский үүнийг бүр эрт, илүү хурц хэлбэрээр харуулсан юм. Тэрээр Төрийн Думын индрийг телевизийн шоуны тайз болгож, хэтрүүлэг, доромжлол, өдөөн хатгалга, бүдүүлэг хэллэгээрээ олны анхаарлыг татдаг байв. Бүр бүдүүлэг хэллэгийг улс төрийн хэлний нэг хэсэг гэж шууд хамгаалж 2009 онд орос хараалыг “Ард түмний эсэргүүцлийн хэл” хэмээн хуульчлахыг ч санал болгосон удаатай.
Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте хараалыг төрийн бодлогынхоо нь гол имиж болгосон төдийгүй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Ромын Пап Франциск, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн нарыг “янхны хүү” гэж доромжилсон бохир үгс иргэдэд нь харин “зоригт удирдагч” гэсэн сэтгэгдэл төрүүлж байв.
Дублины Тринити коллежийн улс төр судлалын профессор Жозеф Филлипс
Нийгмийн хэм хэмжээгээр зохисгүй гэж тооцогдох хэллэг тодорхой бүлгийн дотор эсрэгээрээ эр зориг, дүрэм зөрчих чадварын шинж болж хувирдаг.
Италийн шадар сайд, популист улстөрч Маттео Сальвинийн олон нийтийн цуглаан болон сошиал медиа хуудсуудаар бүдүүлэг, шүүмжлэлт үг хэллэгүүдийг харамгүй урсгадаг хэв маягийг сонгогчдын сэтгэл хөдлөлийг өдөөх, өрсөлдөгчдөө дарамтлах зорилготой популист тактик гэж үздэг. Цагаачлалын бодлогын талаар 20 минутын тайлбарлахын оронд “Тэд бидний эх орныг сүйтгэж байна” гэсэн ганц өгүүлбэр илүү байндаа тусна. Гэхдээ популистууд бүгд бүдүүлэг ярьдаг гэж мушгих нь учир дутагдалтай. Кембрижийн их сургуулийн хэвлэлийн судалгаанд АНУ, Франц, Их Британи, Италийн баруун жигүүрийн популист удирдагчдын хэлний энгийн байдлыг харьцуулахад Дональд Трампын үг яриа Хиллари Клинтоныхоос ердөө бага зэрэг “энгийн” байсан бол Их Британийн Найжел Фараж, Францын Марин Ле Пен нарын хэл зарим хэмжүүрээр өрсөлдөгчдөөсөө бүр илүү төвөгтэй байжээ. Өөрөөр хэлбэл “жирийн хүн шиг ярьдаг” улстөрч заавал бүдүүлэг, эсвэл энгийн хэлтэй байх албагүй.
Дэлхийн улс орнуудад улстөрчид парламентын танхимд хэлсэн үгийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээдэггүй жишиг бий. Гэвч бусдыг гүтгэх, доромжлох, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх, эсвэл үзэн ядалтыг өдөөсөн худал мэдээлэл тараах нь хориотой. Тиймдээ ч зарим орны парламентад хар ярианы зааг хязгаарыг нарийн тогтоох болсон. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн 2022 онд парламентын танхимд сөрөг хүчний улстөрч Дэвид Сеймуртай мэтгэлцэхдээ бүдүүлэг үг хэрэглэсэн шүүмжлэлд өртөж уучлал хүссэн. Гэхдээ улс төрийн алдаа тун сонирхолтой байдлаар төгссөн юм. Ардерн, Сеймур хоёр тухайн маргааныхаа бичлэгийг дуудлага худалдаанд оруулан мөнгийг нь буяны байгууллагад хандивлажээ. Австралид бүр “unparliamentary language” буюу парламентын зохисгүй хэллэг гэсэн ойлголт албан ёсоор үйлчилдэг. Гишүүн парламентын хэлэлцүүлгийн үеэр гаргасан доромжлол, хувийн дайралт, зохисгүй үг хэллэгээ буцааж татахыг шаарддаг тогтолцоо гэсэн үг. Их Британид парламентын хэлний дүрэм үйлчилдэг бол Энэтхэгт зохисгүй үгийг албан ёсны тэмдэглэлээс хасдаг журамтай. 2026 оны долоодугаар сард сөрөг хүчний удирдагч Рахул Ганди парламентын мэтгэлцээний үеэр Засгийн газрыг шүүмжлэхдээ зохисгүй үг хэрэглэсэн нь маргаан дагуулж, тухайн үгийг хурал даргалагч парламентын тэмдэглэлээс хассан байна.
Эндээс харахад парламент бол олон нийтийн сүлжээ биш. Тэнд амнаасаа унагасан үг бүр албан ёсны тэмдэглэлд ордог учраас улстөрчийн хариуцлага жирийн иргэнийхээс өөр түвшинд тооцогдох учиртай. Харамсалтай нь улс төрийн хэл ярианы энэхүү хямрал, соёлын доройтол манай Төрийн ордныг ч эзэгнэх болсныг сүүлийн үеийн үйл явдлууд бэлхнээ харуулж байна.
УИХ-ын гишүүд, намын бүлэг фракцын зөрчил тэмцэл төрийн бодлого, хөгжлийн мэтгэлцээнээс халин нийгмийн сүлжээгээр хувь хүний нууц, сэтгэцийн эрүүл мэнд, ар гэр, зан чанар руу дайрсан гудамжны бүдүүлэг үг чулуудалцах боллоо.
Улс төрд бүдүүлэг үг хэллэг дэлгэрэх нь зөвхөн хэлний ядуурал төдий бус улмаа нийгмийн суурь соёлд гүнзгий хохирол учруулна. Ардчилал гэдэг зөвхөн сонгууль өгөх тухай биш, бие биенээ хүндэтгэн мэтгэлцэх соёл дээр тогтдог учраас цагаан захтнуудын богино зайны улс төрийн хонжоонд хэл, соёл өртөх учиргүй юм.