Цахим спортын “CS2” төрлийн мэргэжлийн багуудын чансааг тогтоодог хамгийн том платформ болох “HLTV” шинэчилсэн жагсаалтаа танилцууллаа. Тус жагсаалтаас үзвэл “The MongolZ” баг хоёрдугаар байрт эрэмблэгджээ.
Өнгөрсөн амралтын өдөр Лондон хотноо болж өндөрлөсөн “Blast Open Fall” тэмцээний дараа энэхүү чансааг шинэчилж байгаа юм. Лондоны тэмцээний аварга Германы “G2” баг долоон байр ахиж, чансааны тавруу дэвшсэн бол Оросын “Spirit” баг хоёр байр ухарчээ.
Харин “The MongolZ”, “MOUZ” баг тус бүр нэг байраар урагшлав. Дэлхийн чансааг Францын “Vitality” баг тэргүүлсэн хэвээр байна. 800 оноотой “The MongolZ” багийн ард Ази тивээс Хятадын “TYLOO” баг 171, “Lynn Vision” баг 105 оноогоор жагсжээ.
Манай орны бусад багаас “The Huns” Азийн чансааны тавд, “Chinggis Warriors” зургаад, “Eruption” долоодугаар жагсаж байна.