
Бразилын Амазоны ширэнгэн ойн алслагдсан бүс нутгаас гарч ирсэн, гаднынхантай харилцаа тогтоогоогүй уугуул иргэдийн бүлгийн ховор дүрс бичлэг нийтлэгдлээ. Бичлэг уугуул иргэд мод бэлтгэгчид, анчид болон мал аж ахуй эрхлэгчдээс учирч буй аюул заналыг ил болгож байна гэж уугуул иргэдийн эрхийг хамгаалагчид мэдэгджээ.
Их Британид төвтэй уугуул иргэдийн эрхийг хамгаалах Survival International байгууллага Бразилын зүүн хойд хэсгийн Мараньян мужид болсон “түүхэн уулзалтын” дүрс бичлэгийг нийтэлсэн байна. Уг уулзалтаар Засгийн газрын төлөөлөгчдийн баг гаднынхантай харилцаа тогтоогоогүй Ава үндэстний 20 орчим хүнтэй уулзжээ. Тэд хүнс хүссэн байна.
Бразилын уугуул иргэдийн асуудал эрхэлсэн Фунай агентлагийн мэдээлснээр, Ава үндэстэн нь Мараньян мужийн баруун хойд хэсэгт амьдардаг Тупи-Гуарани хэлтэн угсаатны бүлэг бөгөөд тэдний зарим нь гаднынхантай харилцаа тогтоохгүйгээр тусгаар амьдрах сонголтоо хадгалсаар байгаа юм.
Фунай агентлаг Ройтерс агентлагт мэдээлэхдээ, Аририбоия уугуул иргэдийн эзэмшил нутаг дахь тосгоны оршин суугчидтай тусгаар амьдардаг Ава хүмүүс харилцаж буйг харуулсан видео бичлэг болон олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн мэдээллүүдийг шалгаж байгаа гэжээ. Гэхдээ Бразилын төрөөс харилцаа тогтоохгүй байх бодлогынхоо дагуу уг бүлэгтэй холбоо тогтоохгүй байгааг онцолсон байна.
Бразилын Уугуул иргэдийн асуудал эрхэлсэн яамны мэдээлснээр, уулзалт даваа гарагт Засгийн газрын нэвтрэх хөдөлгөөнд хяналт тавих пост болон Гуажажара үндэстний уугуул иргэд амьдардаг Тавари тосгоны ойролцоо эхэлжээ. Associated Press агентлагийн мэдээлснээр, дүрс бичлэгийг Гуажажара үндэстний иргэд хийсэн байна.
Survival International байгууллага уг дүрс бичлэгийг хууль бус мод бэлтгэгчид болон мал аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг эсэргүүцдэг уугуул иргэдийн “Амазоны хамгаалагчид” бүлгийн хүсэлтээр нийтэлжээ.
“Гаднын хүмүүс нутаг дэвсгэрийнх нь бүх талаас нэвтрэн орж ирж байгаа тул гаднынхантай харилцаа тогтоогоогүй Ава хүмүүс асар их дарамтад байна. Тэднийг улам бүр хумигдаж буй Амазоны ширэнгэн ойн өчүүхэн хэсэгт шахаж, эргэн тойрныг нь сүйтгэж байна” гэж Survival International байгууллагын захирал Каролин Пирс мэдэгджээ.
Мараньян мужийн уугуул иргэдийн COAPIMA байгууллага уг уулзалт нь хариуцсан төрийн байгууллагууд болгоомжтой, нягт нямбай ажиллах шаардлагатайг харууллаа гэж мэдэгдсэн байна. Учир нь урьдчилан төлөвлөөгүй харилцаа холбоо тогтоох нь тусгаар амьдардаг бүлгүүдэд, ялангуяа халдварт өвчинд өртөх эрсдэл учруулдаг аж. Ийм бүлгүүдтэй гаднынхан холбоо тогтоох нь үхэлд хүргэх аюултай. Колумбын Нукак үндэстний тусгаар амьдардаг иргэдийн 40 орчим хувь нь 1980-аад онд гаднын хүмүүс тэдний нутагт нэвтэрсний дараа халдварт өвчний улмаас нас барсан гэдэг.