Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд тусгагдсан боловсролын салбарын 1,880.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 472.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 328 төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажил 64 хувийн дундаж гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Одоогоор нийт 104,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогджээ.

Үүнд, ерөнхий боловсролын 119 сургууль, хүүхдийн 108 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 14 цогцолбор, 34 дотуур байр, 14 спорт заал, боловсролын 5 байгууллага, их дээд сургуулийн 3 барилга, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 5 барилга, шинжлэх ухааны 2 барилга, бусад 2 барилга, их засварын 12 ажил, 8 тоног төхөөрөмж, 2 ТЭЗҮ хэрэгжиж байна.

Өнөөдрийн байдлаар 2960 суудлын хүчин чадалтай ерөнхий боловсролын 5 сургууль, 400 орны хүчин чадалтай хүүхдийн 5 цэцэрлэг, 280 орны хүчин чадалтай 1 цогцолбор, 150 орны хүчин чадалтай 1 дотуур байрны барилга, 1 спорт заал, 1 их дээд сургуулийн спорт заалны барилга тус, тус ашиглалтад оржээ.