
Киргизийн Бишкек болон Чолпон-Ата хотод “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам” долоон хоногийн турш болж өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд дэлхийн 113 орны 3500 гаруй төлөөлөгч, тамирчид уламжлалт спортын 43 төрөд хурд хүчээ сорьсон юм. Мөн энэ жилийн хөтөлбөрт үндэсний бөхийн барилдаан багтаж, манай бөхчүүд үндэсний спорт, нүүдэлчин соёл, өв уламжлалаа дэлхийн тавцанд сурталчлан таниулж, өрсөлдлөө.
Монгол Улсаас энэхүү наадамд спортын 27 төрөлд 135 тамирчин, дасгалжуулагч оролцож багийн нэгдсэн дүнгээр 4-р байр эзэлсэн юм. Манай тамирчид таван алт, гурван мөнгө, 13 хүрэл медальтайгаар тэмцээнийг дуусгалаа. Наадмыг Казахстаны баг 32 алт, 20 мөнгө, 22 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Киргиз /30+35+19/, ОХУ/7+8+21/ын багууд удаалав. 21 орны баг тамирчид медаль хүртсэнээс 10 орон нь аваргын алтан медальтай буцжээ.
Наадмын сүүлийн өдрүүдэд болсон оюуны спорт болох Тогыз хумалах /Есөн хоргол/ спортын төрөлд Д.Ербол ахлагчтай Монгол улсаа төлөөлөн оролцсон эрэгтэй багийн тамирчид Х.Ерманат, Ш.Болатбек нар хүрэл медаль хүртсэн юм.
