
Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилийн цэргийн ажиллагаа өчигдөр буюу даваа гарагт улам өргөжиж, нөхцөл байдал улам хурцаджээ.
Хезболла бүлэглэлийн цохилтын хариуд Израил улс Ливаны нутаг дэвсгэрт цохилт өгч эхэлсэн бол Техраны зүгээс АНУ-ын цэргийн баазууд байрлаж буй Персийн булангийн орнуудыг чиглэсэн дайралтаа үргэлжлүүлсээр байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн ажиллагаа хэдэн долоо хоногийн турш үргэлжилж болзошгүй гэж мэдэгджээ. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд эхлүүлсэн ажиллагааны үеэр Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи амь үрэгдсэний дараа нөхцөл байдлыг хэн хянаж байгаа нь тодорхойгүй байна гэсэн юм. Ираны эсрэг эхлүүлсэн уг ажиллагаа нь Персийн булангийн бүс нутгийг дайны галд автуулж, Иран, Израил, Ливанд олон арван энгийн иргэд амиа алджээ. Түүнчлэн дэлхийн агаарын тээврийн салбарт хямрал үүсгэснээс гадна газрын тосны худалдааны тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойн тээвэрлэлтэд тасалдал үүсгэснээр газртын тосны үнэ огцом өсөж эхлээд байна.
Түүнчлэн Кувейтийн тал Ираны дайралтын үеэр АНУ-ын "F-15E" загварын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ. АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалаас мэдээлснээр, онгоцны багийн зургаан гишүүн бүгд шүхрээр бууж, эсэн мэнд аврагдсан байна. Одоогоор АНУ-ын тал Ираны нутаг дэвсгэр дэх 1250 гаруй байгууламжид цохилт өгч, тус улсын 11 хөлөг онгоцыг устгаснаа зарлаад байгаа юм.
Ерөнхийлөгч Д.Трампын хувьд АНУ болон түүний холбоотнууд олон жилийн турш дайснаа гэж үзэж ирсэн Иранд цохилт өгсөн нь сүүлийн хэдэн арван жил дэх гадаад бодлогын хамгийн эрсдэлтэй алхам болов. Тэрбээр Ираны зүгээс учруулж буй аюул занал нь дайн эхлүүлэх хангалттай үндэслэл болсон гэж үзэж байгаа боловч үүнийг батлах тодорхой нотлох баримтуудыг дэлгээгүй гэж зарим хууль тогтоогчид шүүмжлэв.
Өдгөө даваа гарагт амь үрэгдсэн нь тогтоогдсон хоёр цэргийг оруулаад АНУ-ын зургаан цэргийн алба хаагч Иранаас Кувейтэд өгсөн хариу цохилтод өртөж амиа алджээ.
Тэгвэл АНУ-Израилийн цэргийн ажиллагаа эхэлснээс хойш дор хаяж 200 энгийн иргэн амиа алдсан тухай хүний эрхийн байгууллагууд мэдээллээ. Ираны Улаан хавирган сар нийгэмлэг дор 555 хүн амиа алдсан гэж мэдэгдсэн бол Норвегид төвтэй Hengaw хүний эрхийн байгууллагын мэдээллээр довтолгооны гурав дахь өдөр нас барсан хүний тоо 1500-д хүрсний 200 нь энгийн иргэн байна.