
Төсөв тодотгох ээлжит бус чуулган гацав
УИХ-ын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-14-нд хуралдуулж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлосон. Төсвийн тодотголоор төр бүсээ чангалж 1.4 их наядын зардал хэмнэнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн юм. Үүний нэг их наяд төгрөг нь цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бол 400 тэрбум нь үнийн өсөлт, эрчим хүч, шатахууны хомсдолоос хамгаалах зорилгоор татаас болгон өгөхөөр тусгасан нь инфляцыг улам бүр өдөөх эрсдэлтэйг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Монголбанкны зүгээс анхааруулж буй. Харин аудитын зүгээс энэ удаагийн тодотгол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарим шаардлагыг хангасан ч суурь тэнцэл нь ДНБ-ий 2 болон түүнээс дээш хувийн ашигтай байх шаардлагад нийцэхгүй хэмээн дүгнэжээ.
Сөрөг хүчин Ардчилсан нам ч Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл эдийн засгийн бодит нөхцөл байдалтай огт уялдаагүй хэмээн шүүмжилсэн.
Эхний хэлэлцүүлгээ давсан төсвийн тодотгол хоёр дахь хэлэлцүүлгийн шатандаа байнгын хороодын ирц бүрэлдэхгүй байсаар амралтын өдөртэй золголоо. Ирэх мягмар гарагт УИХ-ын намрын чуулган нээгдэх товтой. Намрын чуулган эхлэхээс урьтаж төсвийн тодотголоо батлах төрийн ажил ийнхүү мухардалд орсон нь улс төрийн шалтгаантай. Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуулийн төсвийн асуудал сөхөгдсөн нь нэг талаараа байнгын хороодын ирц гацах шалтгаан болоод байна.
Төсөвт шургуулсан 3.5 тэрбумын учиг
2026 оны төсвийн тодотголыг парламентаар хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн хамаарал бүхий “Их Засаг Кингс” хувийн сургуульд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасан тухай мэдээлэл гарсан нь дуулиан дагуулаад байна.
Мягмар гарагт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд тараагдсан төсвийн задаргаан дээр ерөнхий боловсролын сургалтын ачааллыг тэнцвэржүүлэх, төрөлжүүлэх чиглэлийн санхүүжилтээр хувийн сургуулиудад нийт 9.8 тэрбум төгрөг хуваарилахаар тусгасан мэдээлэл ил болсон. Хувийн сургуулиудад төсвөөс 7 тэрбум хуваарилж түр ашиглуулах тоног төхөөрөмж авч өгч байгаа гэх мэдээллийн талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очироос тодруулахад “Их засаг кингс, Шинэ санаа, Империал сургуулиуд хүсэлтээ өгсөн. Гэхдээ бид 9 дүгээр сарын 1-нд зөвхөн Эрдэм Нова сургуультай төрөлжсөн ахлах сургуулийг өөрийнхөө менежментээр хэрэгжүүлэх байдлаар хамтран ажиллаж байна. Үүнээс гадна 5-6 сургуулийн хүсэлт ирснийг бид судалж байна. Гэхдээ гэрээ байгуулж үйл ажиллагаа эхлээгүй" гэх тайлбар өгч байв. Үүнээс “Их Засаг Кингс” сургуульд 640 хүүхдийн суудлаар тооцон 3.52 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмж болон хувьсах зардалд зориулж олгохоор төсвийн задаргаан дээр тусгасан байсныг алдаатай файл хэмээн мэтгэж буй.
Ерөнхий сайд Н.Учрал өөрийн гэр бүлийн хамаарал бүхий сургууль төрөөс ямар нэгэн санхүүжилт, хувьсах зардал авах хүсэлт гаргаагүй, тийм нотлох баримт байхгүй хэмээн өөрийн биеэр АТГ-т очиж шалгаж өгөх хүсэлтээ өгсөн юм. Харин Боловсролын яам сургуулиудын ачааллыг бууруулах, төрөлжүүлэх бодлогын хүрээнд нийслэлээс үйл ажиллагаа явуулж буй сургуулиудын судалгааг дүүрэг бүрээр гаргах явцад уг жагсаалтад багтсан гэсэн тайлбарыг өгч байна.
PISA: Сурагчдын суурь ур чадвар олон улсын дунджаас доогуур хэвээр байна
Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөгжлийн Байгууллага(OECD)-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment (PISA) буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг танилцууллаа.
Суралцагчдын гүйцэтгэлийг 1-6 хүртэлх түвшингээр үнэлдэг. Энэ удаагийн шалгалтын дүнгээр Монгол Улсын суралцагчдын 57 хувь нь байгалийн ухааны хичээлээр II болон түүнээс дээш түвшний суурь чадамжинд хүрчээ. OECD-ын дундаж нь 74 хувь аж. Сорил тус бүрээр авч үзвэл:
Ийнхүү нийт үнэлгээгээр Монгол Улс 91 орноос 49 дүгээр байранд эрэмбэлэгджээ. Мөн охид хөвгүүдээс илүү гүйцэтгэлтэй байгаа нь үнэлгээгээр тогтоогдсон. Мөн амьжиргааны түвшин сайн өрхийн хүүхдүүдийн гүйцэтгэл илүү сайн байна. Тодруулбал, нийгэм, эдийн засгийн нөхцөл давуу сурагчид тааламжгүй нөхцөлд суралцаж байгаа хүүхдүүдээс байгалийн ухааны хичээлээр 71 оноогоор илүү байжээ.
Инфляц 12.5 хувьтай гарлаа
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус, тус өссөн байна.
Мөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 13.0 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 10.9 хувь, хүнсний бүлгийн үнэ 21.5 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 9.1 хувиар тус тус өссөн байна.
Инфляцын түвшин өнгөрсөн оны наймдугаар сард 8.8 хувь байсан бол 2026 оны наймдугаар сард 12.5 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.7 нэгж хувиар нэмэгджээ.
Ойн зочид
Өнгөрсөн долоо хоногт суурьшлын бүсэд баавгай үзэгдэх тохиолдол нэмэгдлээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өгсөн мэдээллээр он гарснаас хойш хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 10 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Хүрэн баавгай идэш тэжээл дутмаг байгаагаас үүдэн суурьшлын бүсэд орж ирдэг. Мөн иргэд самар, жимс түүхдээ машин, тоног төхөөрөмжтэй ойн бүсэд зорчиж байгаа нь зэрлэг амьтдыг дайжихад нөлөөлж байна. Мөн гал түймрээс үүдэж хил залгаа ОХУ-ын бүс нутгаас баавгай орж ирсэн тохиолдол гарчээ.
Монгол Улсад самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх зөвшөөрөл, хугацааг жил бүр тогтоодог. Харин 2026 оны хуш модны самрын ургалтын судалгааны дүнг үндэслэн энэ онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгэхийг хориглосон байна.