
Малын гоц халдварт шүлхий өвчин Монгол Улсын хоёр аймгийн сумдад бүртгэгдэж, 700 гаруй мал өвчлөөд байна. Энэ удаагийн тохиолдол нь шүлхийн САТ1 хэв шинжийнх бөгөөд өмнө нь манай улсад бүртгэгдэж байгаагүй юм. Ноцтой нь, одоогоор манайд энэ төрлийн шүлхийн эсрэг вакцин байхгүй бөгөөд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ОХУ-аас вакцин захиалах асуудлыг хэлэлцсэн байна. Ийн шийдвэрлэлээ ч вакцин захиалснаас хойш 45 хоногийн дараа ирнэ гэдгийг албаныхан мэдээлээд буй. Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Баян-Өлгий аймгийн Алтай сум болон аймгийн төв, Ховд аймгийн Булган суманд шүлхий өвчин гарсантай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоогоод, ажиллаж байна. Вакцин тухайд, эхний ээлжид 1.5 сая тун вакцин ОХУ-д захиалж, татаж авна. Өнөөдөр хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хуралдаанд оруулж байна. 45 хоногийн хугацаанд вакцин үйлдвэрлээд, манай улсад нийлүүлэх хүлээлттэй байгаа. Одоогоор тархалт байхгүй. Голомтыг хумьсан" гэсэн юм. Вакцин хүлээх 45 хоногийн хугацаанд өвчлөлийн тархалт нэмэгдэх эрсдэлтэй.
Бид шүлхийн халдвар гарсан хоёр аймгийн Мал эмнэлгийн газартай холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа.
Ховд аймгийн Мал эмнэлэгийн газрын дарга Д.Батцэнгэл
-Шүлхий өвчний анхны тохиолдол Ховд аймгийн ямар суманд бүртгэгдсэн бэ. Одоогийн байдлаар хэдэн сумын хэчнээн өрхийн мал өвчилсөн бэ?
-Ховд аймгийн Булган сумд тавдугаар сарын 29 ны өдөр анхны тохиолдол бүртгэгдсэн. Дараа нь Үенч суманд 6.1 нд батлагдсан. Ховд аймгийн хоёр суманд бүртгэгдсэн. Хоёр сумын зургаан голомт бий. Нийт 20 орчим өрхийн 200 гаруй мал өвчлөөд байна.
-Халдварын голомтод одоогийн байдлаар ямар зэрэглэлийн хязгаарлалт, хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна вэ. Тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Булган,Үенч суманд хорио цээрийн хатуу дэглэм тогтоосон. Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаад, хатуу хорио тогтоох шийдвэр гаргасан. Булган,Үенч сумдын орох гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, голомтын бүсийг хяналтанд авсан байгаа.
-Өнөөдрийн байдлаар нийт хэдэн мал өвчилсөн бэ?
Өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар 200 орчим мал өвчилсөн. Халдвар маш хурдтай тархаж байгаа. Хариу арга хэмжээг яаралтай мэргэжлийн байгууллага, аймаг сумдын Онцгой комисс бүх шатанд нь авч байна. Баруун гурван сумыг бүхэлд нь хяналтад авсан.
-Өвчилсөн болон халдварын эрсдэлд орсон мал сүргийг устгах ажил ямар шатандаа явж байна вэ. Хичнээн малыг, хэрхэн устгасан бэ?
-Яг одоогийн байдлаар устгах ажил эхлээгүй байгаа өчигдөр мал эмнэлгийн газраас зөвлөмж ирсэн үүний хүрээнд устгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Голомтын бүсэд ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн болон малын эмч нарын хамгаалах хувцас ариутгалын бодисын нөөц хэр хүрэлцээтэй байна вэ?
-Хамгаалах хувцас ариутгалын бодисоо аймгаас татсан. Өнөөдрийн байдлаар долоо хоногийн нөөц байгаа. Энэ шинэ төрлийн өвчин Монгол улсад анх удаа бүртгэгдэж байгаа учраас вакцин байхгүй. Гэхдээ Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөө аж ахуй яам хөөцөлдөж байгаа. Тархалт хурдацтай байгаа учраас яаралтай дархлаажуулалт ажлыг хийхгүй бол болохооргүй байга
-Халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хатуу хол хорио тогтоогоод хүн малын хөдөлгөөнийг бүрэн хорьсон. Бусад сум, аймагруу алдахгүйн тулд хичээж ажиллаж байгаа. Гэвч халдварын тархац маш хурдан байна. Цаашдаа хариу арга хэмжээг өндөржүүлсэн бэлэн байдалтай авч хэрэгжүүлнэ.
Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газар
-Шүлхий өвчний анхны тохиолдол Баян-Өлгий аймгийн аль суманд бүртгэгдсэн бэ. Одоогийн байдлаар хэдэн сумын хэчнээн өрхийн мал өвчилсөн бэ?
-2026 oны зургаадугаар сарын 3-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын нэгдүгээр багт шүлхий өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн. Дараа нь Өлгий суманд гарсан. Одоогоор нийт 571 мал өвчилсөн.
-Халдварын голомтод ямар хязгаарлалт, хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна вэ?
-Алтай суманд 12 кампусыг байршуулсан. 56 төрийн албан хаагч 24 цагаар үйл ажиллагаа явуулж байна. Хоёр сумын хоорондын орох, гарах хөдөлгөөнийг хаасан.
-Өвчилсөн болон халдварын эрсдэлд орсон мал сүргийг устгах ажил ямар шатандаа явж байна вэ. Хичнээн малыг, хэрхэн устгасан бэ?
-Манайх 570 гаруй малыг устгалд оруулаад байна.
-Голомтын бүсэд ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн болон малын эмч нарын хамгаалах хувцас, ариутгалын бодисын нөөц хэр хүрэлцээтэй байна вэ?
-Байгаа нөөцөөрөө ажиллаж байна. Одоогийн байдлаар 900 гаруй хлорын шоохой байгаа. САТ1 хэв шинж нь манай улсад анх гарч байгаа болохоор одоохондоо вакцин байхгүй ч идэвхтэй тандалтыг өдөр болгон цаг алдаггүй хийж байгаа.
Бусад аймаг сумдад халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна вэ?
Хүн малын шилжих хөдөлгөөнийг бүрэн хорьсон. Баян-Өлгий аймгийн 13 сумын малын эмч нар идэвхтэй тандалтыг өдөр болгон цаг алдалгүй хийж байгаа. Шүлхий өвчин нийт долоон хэв шинжтэй юм билээ. Сат хэлбэр нь маш хурдан тархацтай эрсдэл өндөр.
А.Цагааншүхэрт