
Өмнөд Солонгосын цанын гүйлтийн хоёр тамирчин өвлийн олимпын наадамд хориотой төрлийн вакс хэрэглэсэн нь тогтоогдсоны учир тэмцээнээс хасагдлаа.
Олон улсын Цана, Сноубордын Холбоо (FIS)-ноос мэдээлснээр, Хан Дасом болон Ли Ый-жин нарын цанын уланд хийсэн шалгалтаар фторжуулсан цанын вакс илэрсэн тул эмэгтэйчүүдийн классик спринтийн урьдчилсан шатнаас хассан байна.
Фтор буюу фторжуулсан цанын вакс нь 2023–2024 оны улирлаас эхлэн FIS-ийн дүрмээр бүрэн хориглогдсон юм.
Ийм вакс нь ус нэвтрүүлдэггүй шинж чанартай бөгөөд анх далбаат завины гадаргууг илүү гулгамтгай болгох зорилгоор хэрэглэгдэж байснаа, 1980-аад оноос цанын спортод нэвтэрсэн байна. Гэвч энэ бодис нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Учир нь задралд ордоггүй, “мөнхийн химийн бодис” (forever chemical) бөгөөд зарим өвчин, эмгэгтэй холбоотой гэж тогтоогдсон юм.
FIS-ийн зүгээс Солонгосын хоёр тамирчин фторжуулсан вакс хэрэглэхийг хориглосон дүрмийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд уг тос нь давуу тал бий болгодог гэж тайлбарлажээ.
Дэлхийн цомын чансаагаар 157, 158-р байранд бичигддэг Хан, Ли нар Милан - Кортинагийн өвлийн олимпод медалийн төлөө өрсөлдөх гол нэр дэвшигчид биш ч гэлээ тэмцээнээс харамсалтай байдлаар ийн хасагдлаа.