
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, тус хурлаас гарсан шийдвэрүүдээ танилцууллаа.
Мөнгөний бодлогын хүү 12 хувь байсныг 0.5 хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэсэн байна. Энэ нь мөнгөний хатуу бодлого үргэлжилнэ гэсэн үг. Бодлогын хүүг 1-2 хувиар нэмэх нь бизнесийн идэвхжил, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх учир алгуур буюу 0.5 хувиар нэмсэн хэмээн тайлбарлалаа.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Даваадорж “Өнгөрсөн сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 13 хувьд хүрсэн. Үүний 6 хувь буюу талыг нь мах, шатахууны үнийн өсөлт эзэлжээ. Энэ бол нийлүүлэлтийн гаралтай инфляц. Хэрэглээний үнийн өсөлт ийм өндөр болсон тул цаашид мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлнэ.
Уул уурхай, уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэж буй тээврийн салбар л өсөлттэй байна. Бусад салбарууд төдийлөн өсөөгүй. Гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрсэн нь хангалттай нөөц юм. Бид зах зээлд огцом нөлөө үзүүлэх, цочроо үзүүлэх шийдвэр гаргахгүй. Экспорт өссөн нь сайн зүйл” гэв. Мөнгөний бодлогын хороо мөн банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөн, 14.5 хувь болгохоор шийдвэрлэжээ.
Шатахуун, хүнс болон төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь инфляц хөөрөгдөхөд голлон нөлөөлсөн бол суурь инфляц оны эхнээс аажмаар нэмэгдэж, VII сард хүлээлтээс давж эрчимжсэнийг төв банк онцоллоо.