Амазон корпорацийг үүсгэн байгуулагч 61 настай Жефф Безос сүйт бүсгүй 55 настай Эммигийн шагналт телевизийн сэтгүүлч Лорен Санчез нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Италийн Венец хотноо хуримаа хийлээ. Тэдний хуримын арга хэмжээ гурав хоног үргэлжилж, өнөөдөр өглөө Венецийг орхин явсан тухай зарим хэвлэл мэдээлсэн байна.

Энтертайнмент сувгууд тэдний хуримын арга хэмжээг нилээд үрэлгэн болсон тухай мэдээлж байна. Хуримын зардлыг тооцоолохдоо 46-48 сая евро буюу 56 сая ам.долларт хүрсэн гэж үзжээ. Дэлхийн хамгийн чинээлэг болоод нэр алдартай 200-250 зочин хуримд оролцсон.

Нөгөөтэйгүүр Безос, Санчез нарын хурим зардал ихтэйгээс гадна хамгийн олны анхаарлыг татаж байсан ч хамгийн нууцлаг хурим болсон гэж салбарын шинжээчид нь дүгнэж байна.

Безосын хурим Дэлхийн өв соёлын сан Юнескод бүртгэлтэй алдарт Венец хотод болсноор хотын аялал жуулчлалын салбарыг дэмжсэн явдал болсон гэж хотын эрх баригчид мэдээлжээ. Гэвч өнгөрсөн амралтын өдөр Безосын хуримыг эсэргүүцсэн жагсаалд 500 орчим хүн оролцсон байна. Безос Венецэд өмнө нь таван жилийн турш амьдарч байжээ.

Хуримын дараа Лорен Санчез өөрийнхөө цахим хуудсыг Лорен Санчез Безос болгон өөрчилсөн байна. Тэд Венецийн Сан Марко дахь Сан Жиоржио Мажиоре арал дээр өнгөрсөн баасан гарагт хуримын ёслолоо үйлдэж, тангаргаа солилцжээ. Энэ үйл явдлыг хэвлэлийнхнээс нууцалсан бөгөөд Vogue сэтгүүл дээр хуримын зарим зургийг нийтэлсэн байна.

Санчезын хуримын даашинзыг Dolce & Gabbana урласан байна. Хуримын даашинзныхаа захиалгыг жил хагасын өмнө өгсөн болов уу гэж таамаглаж байна. Харин чимэглэлийг нь Dior болон Hermes сетээс сонгожээ.

Зочдын нэрсийн жагсаалтад дэлхийн хамгийн баян тэрбумтан Илон Маск, Билл Гэйтс, Ким Кардашиан эгч дүүсийн хамт, Леонарда ДиКаприо, Опра Уинфри, Руперт Мюрдок, Орландо Блүм, Селма Хаек, Иванка Трамп зэрэг чинээлэг төдийгүй Холливудын алдартнууд багтжээ.