
Банкны үндсэн үйл ажиллагаа зээл олгох ч монгол улсын хөгжлийн банк сүүлийн дөрвөн жилд зээл олгосонгүй.
Өмнөх зээлүүд нь чанаргүйдэж, үндсэндээ зээл олгох гэхээс илүү өр барагдуулагчийн үүрэгтэй ажиллалаа. Үр дүнд нь Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлт улам муудсаар “дампуурах” эрсдэлд хүрэв.
2021 онд Монголбанкнаас хийсэн хяналт шалгалтаар Хөгжлийн банкны нийт зээлийн 57 хувь нь чанаргүйдэж, чанаргүй зээлийн хэмжээ 1.8 их наяд төгрөгт хүрсэн. Засгийн газраас баталгаа гаргасан “Самурай”, “Чингис” бондын өр төлөх хуваарь ойртож, өрийн дефолт болох эрсдэл өндөр байсан учраас тус банкны чанаргүй зээлийг төлүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсэн. Тухайн үед банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мандуул зээлдэгчдийн нэрийг нийтэд зарлаж, тухайн ондоо 500 гаруй тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлсэн гэж мэдээлж байв. Хагас их наядын зээлийг эргэн төлүүлчихээд байхад өнөөдөр ч чанаргүй зээлийн асуудал тус банкны “толгойн өвчин” хэвээр. Шалтгаан нь энгийн.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү
Хөгжлийн банкны хувьд активын чанарын асуудал тулгамдаж байна. Олон жил хуримтлагдсан, төлөгддөггүй зээлүүд бий. Өнгөрсөн хугацаанд нийт 1.9 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн гэж байгаа ч 22 орчим хувь нь л чанаргүй зээл, үлдсэн нь хэвийн явж байсан зээлийн эргэн төлөлт хийгдсэн үзүүлэлт байна. Хөгжлийн банк нь урт хугацаатай, бага хүүтэй хөгжлийн томоохон төслийг дэмжих зорилготой банк шүү дээ. Харин өнөөдөр нийгмээрээ Хөгжлийн банкнаас зээл авсан бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийг харлуулдаг, буруу ойлгодог жишиг тогтжээ. Банк зээл олгохдоо шаардлагаа зөв тавих, зээл өгсөн төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ сайн хэрэгжүүлээгүй байж, зээлдэгчдээ буруутгах уур амьсгалыг нийгэмд хөтөлсөн нь буруутай үйл явдал болжээ гэж харж байна.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар Хөгжлийн банкны олгосон зээлийн нийт үлдэгдэл 2.3 их наяд төгрөг байгаа бол үүний 1.2 их наяд төгрөг буюу 55 хувь нь чанаргүйджээ. Зээлийн болон зээлдэгчийн нөхцөл байдалд тохируулж
1. Төслийг худалдан борлуулах, шилжүүлэх замаар
эргэн төлөлтийг хангуулах,
2. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,
3. Тодорхой бизнесийн үйл ажиллагааны орлоготой, орлоготой болох боломжтой
төслүүдэд бүтцийн өөрчлөлт хийх.
Дээрх арга хэмжээний хүрээнд сүүлийн гурван сард 70 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлсэн бол энэ онд чанаргүй зээлийн эргэн төлөлтийг 200 тэрбум төгрөгт хүргэх зорилго тавьжээ.
Шинээр зээл гаргаагүй удсан, нийт зээлийн 55 хувь нь чанаргүйдсэн учраас банк ашиг олох гэхээс илүү алдагдал нь хуримтлагдсаар. Хөгжлийн банкны одоогийн баланс буюу санхүүгийн байдлыг харвал олж байгаа орлого, зарцуулж байгаа зардал бараг тэнцүү.

Нийт орлогын 70.5 хувийг олгосон зээлийн хүүгийн орлого бүрдүүлж байгаа бол нийт зардлын 87.5 хувийг бусдаас татсан хадгаламж, гадаад, дотоод үнэт цаас, авсан зээлийн хүүгийн зардлууд эзэлж байна. Арилжааны банк таны хадгаламжийг дунджаар 12 хувийг хүүтэй авч, үүн дээрээ ашиг, үйл ажиллагааны зардлаа шингээж 18 хувьтай зээл болгон гаргадаг. Харин Хөгжлийн банкны хувьд татсан санхүүжилтийн зардал нь олгосон зээлийн хүү болон хэмжээ гээд аль аль үзүүлэлтээрээ давжээ. Хөгжлийн банкны олгосон зээлийн дундаж хүү 8.7 хувь байгаа бол тухайн зээлийг олгохын тулд авсан зээл, бондын хүү нь 9.7 хувьтай байх жишээтэй. Зээлийн хүүгээс олж байгаа орлого 2.3 их наяд төгрөг байгаа бол зээл, бондын хүүд төлж байгаа зардал нь 2.8 их наяд төгрөг. Дээрх санхүүгийн үзүүлэлтийг нэгтгээд харвал Хөгжлийн банкны чанаргүй зээлийн харьцаа 55 хувьд хүрч, цэвэр хүүгийн зөрүү хасах нэг хувь, банкны нийт хөрөнгө 3.3 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа ч өөрийн хөрөнгө нь ердөө 200 гаруй тэрбумаар хэмжигдэж байна.
Тодруулбал Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгө хэдийгээр 1.2 их наяд төгрөг байгаа ч банкны хуримтлагдсан ашиг алдагдал нэг их наяд төгрөгт хүрсэн нь ийнхүү өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1.9 хувь буюу санхүүгийн хувьд “дампуурсан” гэх тодорхойлолтод хүргэжээ.

Монголбанк, “Эрнст энд Янг” олон улсын аудитын компаниас Хөгжлийн банкны одоогийн нөхцөл байдлыг үнэлэн дахин нэг их наяд төгрөгийн эрсдэлийн сан үүсгэх шаардлагатай гэжээ. Учир нь “Хөтөл” тэргүүтэй төрийн өмчит компаниудын авсан зээл, төрөөс тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой гаргасан баталгаа, бусад үнэт цаас зэрэг хөрөнгө оруулалтууд компанийн эрсдэлийг нэмэгдүүлж, чанаргүй зээлийг 1.8 их наядад хүргэхээр байгаа нь Хөгжлийн банк татан буугдах нөхцөлд хүргэх эрсдэлтэй. Иймээс ч Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж, санхүүгийн зохистой харьцааны биелэлтийг хангахад нэг их наяд төгрөг шаардлагатай гэж тооцжээ.
Тодруулбал 550 тэрбум төгрөгийн “Эрдэнэс бонд”-ын баталгааны үүргээс Хөгжлийн банкийг чөлөөлөх, “Хөтөл” ХХК-д олгосон 457 тэрбум төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийх, охин компанийн хөрөнгө оруулалтыг 80 тэрбум төгрөгөөр бууруулах, чанаргүй зээлийг эргэн төлөлтийг 200 тэрбум төгрөгт хүргэх зэрэг Активын бүтцийн өөрчлөлтийн саналаа Засгийн газарт хүргүүлж, танилцуулжээ.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн
Банкны удирдлагын баг томилогдоод гурван сар болж байна. Энэ хугацаанд Хөгжлийн банкны засаглалыг оновчтой болгох, зардлыг хэмнэх арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Мөн Хөгжлийн банкны нөөц хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх, банкны алдагдал, чанаргүй зээлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Банкны хувьд өөрийн хөрөнгийн дутагдал, чанаргүй зээл, ашигт ажиллагаа зэрэг хүндрэлүүд үүссэн. Эдгээр асуудлаа бид Засгийн газарт танилцуулж, Хөгжлийн банкийг дахин хөрөнгөжүүлэх, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Шийдвэрүүд гарчихвал банк өөрийн хөрөнгийн дутагдлаас гарч Хөгжлийн банкны үндсэн үйл ажиллагааг сэргээх, Монгол Улсын нийгэм, эдийн засагт манай банк үүргээ гүйцэтгэж, том төслүүдийг санхүүжүүлэх боломж бүрдэх юм.
Нэн тэргүүнд банкны дүрмийн санг хоёр их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Үүний тулд Засгийн газар Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийн хувьд шаардлагатай нэмэлт дүрмийн сангийн 50 хувийг буюу нэг их наяд төгрөгийг шийдвэрлэх, ингэхдээ төсөвт дарамт учруулахгүйгээр үе шаттай хийх, мөн дээр дурдсан Хөгжлийн банк нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр өөрийн чанаргүй зээлийн бүтцэд өөрчлөлт хийх замаар нэг их наяд төгрөгийг шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Хөгжлийн банкийг хэвийн үйл ажиллагаатай болгоход шаардлагатай дээрх арга хэмжээг хурдан авч хэрэгжүүлэхгүй бол банкны болон Засгийн газрын эх үүсвэрүүд буцаан дуудагдах, улсын зээлжих зэрэглэл буурах, эдийн засагт ч хүндрэл үүсэх эрсдэлтэй. Хэрвээ Хөгжлийн банк дефолт болбол Засгийн газрын гадаад өр 838.2 сая ам.доллароор нэмэгдэх эрсдэл ч бий.
Монгол Улсын Засгийн газар 2026-2030 оны хөгжлийн таван жилийн төлөвлөгөөгөө баталсан. Төлөвлөгөөнд тусгаснаар ирэх таван жилд 330 орчим төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 70 орчим их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Зөвхөн энэ жилийн төсвийн дүнтэй харьцуулахад Монгол Улсын хоёр жилийн төсвийн орлоготой тэнцэх энэ хэмжээний санхүүжилтийн боломж төсөвт байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт, зээл зэрэг санхүүжилтийн эх үүсвэрийн боломжууд байж болох ч хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой, тусгайлсан чиг үүрэгтэй Хөгжлийн банкийг хөдөлгөж, жинхэнэ утгаар нь ажиллуулах хэрэгтэй.
Засгийн газар 2010 оны долоодугаар сарын 20-нд Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэж, УИХ-аас 2011 онд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг баталсан.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд хуулийг нь хоёр удаа, компанийн дүрмийг дөрвөн удаа, ТУЗ-ийн бүрэлдэхүүн 11 удаа, банкны гүйцэтгэх захирал 9 удаа, бүтэц зохион байгуулалт 10 удаа, банкны нийт ажилтны 80 хувь өөрчлөгджээ.
Үүгээр ч зогсохгүй Хөгжлийн банкны удирдлагыг анх байгуулагдахад Засгийн газрын харьяанд байсныг 2017 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, 2020 онд Сангийн яаманд, өнгөрсөн онд Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлээд буй. Засаглалын хувьд хамгийн тогтворгүй гэж хэлж болохоор Хөгжлийн банкийг цаашид амжилттай үйл ажиллагаатай болгоход санхүүгийн үзүүлэлтийг сайжруулахаас гадна хууль, эрхзүйн орчныг шинэчлэх шаардлагатай.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэхээр хуулийг төслийг тус банкны өмнөх удирдлагын үед боловсруулсныг илүү сайжруулж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа ч, амжих эсэх нь эргэлзээтэй байна.